2013-07-24

Монголын орчин үеийн кино-жүжгийн зохиолын найман гарцаагүй

Чухам өөрийнхөөрөө “гарцаагүй” гэж гүжирдсэн цуврал эсээ минь үргэлжилсээр байна. Зарим нэг нь их л эмзэг хүлээн авч байгаа ч ХХ зууны Монгол уран зохиолын түүхээ хувь судлаачийн хувьд энэ мэт “багцлан” авч үзэх хүсэл минь хэвээрээ. Чамгүй хугацаанд Өрнө, Дорны театр, жүжгийн зохиолын түүхийг сурвалжлан судлав. Эцэст нь ийм нэгэн эсээ бичихээр зориг шулуудсан минь үнэн. Учир нь бидэнд жүжгийн зохиолын ямар өв байна вэ? гэдгийг хожмын залуус нягтлан харахад “шат” болох л хүсэлтэй. Одоохондоо өөр зүйлгүй.


* * *




1. ДОНРОВЫН НАМДАГ
1930-аад онд бүгд л жүжиг бичиж байлаа. Бүгд гэдэг нь Ши. Аюуш, М.Ядамсүрэн, С.Буян-нэмэх, Д. Нацагдорж. Гэвч Д.Намдаг гуайн дурссанаар бүтэлтэйгээсээ бүтэлгүй нь олон байжээ. Үнэндээ баахан “ухуулж” сэнхрүүлэхийг эрмэлзсэн жүжгүүд байсан ажээ. Хэрэв хүсвэл Ши. Аюуш “Театрын уран сайхан”, Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой /анхны эх/ зэргийг үзвээс зохино. Бусад нь яахав дээ? Харин “ Хярааны хонхорт”, “Шинэ байшинд”, “Ээдрээ” , “Оролмаа эх” гарснаар “жүжиг” гэж ярих юмтай болсон билээ.



Тэр тусмаа “Ээдрээ” бол үнэхээр ээдрээ санагддаг. Монголын сурвалжит язгууртнуудын дүрийг би одоо ч зөвхөн “Ээдрээ”-гийн Мөнх-Очир ноёноор л  төсөөлдөг. Цэрэнжав /Хярааны хонхорт/ шиг “эх оронч” дээр нь тийм “цөлх” Монголын дүрийг Д.Намдагаас өөр зохиолч бичээгүй юмдаг. Бүх юм нарийндаа Д.Намдагаас эхэлсэн юм. Театр, жүжиг, театр судлал, шүүмж. Тэр 1980 онд ингэж бичсэн билээ. “Харин жүжгийн зохиолын шинэчлэлийн талаар бол Лодойдамба, Ванган, Чимэд бид хэдүүл хэлбэр агуулга хоёрыг шинэчлэх гэж их оролдож эхэлсэн. Зохиол бүр дээр оролдож эхэлсэн. Юмыг шинэчлэх гэдэг бол хэнд ч , хэзээ ч тийм амар биш” гэсэн байналээ. Тийм л дээ? “Нүгэл буян” киноны Тоо Хуар хүрээ авгайчуулын бараг л хэвшмэл дүр болтлоо шинэ үеийн уран зохиолд давтагдсан. Аргагүй л дээ? Намдагаас хойш бүх зохиолч түүн шиг Хүрээ авгайчуултай хундага тулгаж явсангүй.  Шинэчлэх хэцүү, хараагүй юмаа шинэчлэх бүр хэцүү. “Шинэ байшинд” яагаад гурван айл байгаа юм. Тэр чинь өнгөрсөн, одоо, ирээдүй гурав л даа? Гэтэл гурвуулаа “шинэ байшинд” орчихсон байдаг. Эндээс л “зөрчил” гаргаж ирсэн нь тэр аргагүй жүжгийн зохиолч гэдгийг батлаад байгаа юм. Одоо ч “Шинэ байшинд” хуучин хүмүүс амьдрах юм даа?
* * *



2. ЧАДРААБАЛЫН ЛОДОЙДАМБА

Найруулагч Ичинхорлоогийн Нямгаваагийн кино зохиол болгосноор “Гарын таван хуруу” жүжгийг үзэгчид мэднэ. Харин жүжгийн зохиолд “ХҮН ЧАНАР” гэдэг Шагдарын дотоод “зөрчил” байдаг юм. Даанч кинонд түүнийг ганц нэг толинд өөртэйгээ ярилцахаас өөрөөр гаргаж үзүүлж үнэндээ чадаагүй. Эх зохиолын уншвал “Гарын таван хуруу” жүжиг нийгэм-ёс суртахууны гэхээсээ илүү дотоод-зөрчил драмын жүжиг болохыг анзаарах болно. Амьдрал хаана ч амьдрал шүү дээ? Болдог юм болдогоороо болж буй мэт санагдавч цаанаа олон хүний сэтгэлийн утас тасарч байдгийг зохиолч энэ жүжигтээ гайхалтай “уран” харуулсан.



“Итгэж болно” жүжиг нь “Энэ хүүхнүүд үү?” кино болсон. Харин эх зохиолоосоо илүү наргиантай болгосон санагддаг юм. Ч.Лодойдамба гуайн хоёр ч жүжигт Жамц бий. Нэг нь “Ёс ёмбөгөр, төр төмбөгөр” жүжгийн өвгөн Жамц, нөгөө нь “Итгэж болно” жүжгийн дарга Жамц хоёулаа “яргай” ухаантай ч  ялимгүй наргиантай дүрүүд. Ямар сайндаа коктейль найруулна гээд архи, айраг, тараг гурвыг хольж “баллаж” байхав дээ? Эмэгтэй хүн ажилд авахгүй гэдэг дарга ”жендер”-ийн асуудалтай ч жүжигт сүрхий “дэвшилтэт” байдлаар бичигдсэн нь сонирхолтой.




Гэхдээ Ч.Лодойдамба бараг л дэмий гэмээр хэдэн жүжиг бичсэн юм билээ. Тэр ч яахав. Сайн муугаар сав дүүрдэг хорвоо.
* * *


3. ЛХАМЖАВЫН ВАНГАН
“Урагшлах замд” нэртэй жүжгийн зохиолын түүврийг уншаад надад Л.Ванган жүжгийн зохиолч юм даа гэж л бодогдсон. Зарим дурсамж дурдатгалын номонд түүний “шар цүнх”,” хэрсүү ухаан”, “найруулагчийн ур” гээд бишгүй бичсэн байдаг.


Харин сүүлийн үед хүнийг нь их яриад уран бүтээлийн огт дурьдахгүй байгаагийн ”сонгомол” жишээ бол Л.Ванган. Түүний жүжгийн дүрүүд дэндүү “амьд”. Халзан Тавхай, Тожоо жолооч, Бүрнээ эмч бүгд бидний дунд байдаг, бидэнтэй адил “Жирийн хүмүүс” юм.
 


Кино зохиолуудаас нь “Түмний нэг”. Чимэд багш бол нарийндаа шинэ цагийн сэхээтний, шинэ цагийн багш нарын туулж ирсэн замнал, алдаа оноо, амьдрал юм шүү дээ? Тэгээд ч  цаг үедээ хамгийн их “хайчилуулсан” кино гэдэг. Өөр бас “Тамирын бэр”,” Эзэд”, “Хувиа бодогчид” гээд уншсан ч болох, уншаагүй ч болох жүжгүүд бий. “Эмч нар” харин нийгэм-сэтгэлзүйн драм байж болох жүжиг. Сургууль төгсөөд хөдөө цөлөгдөх, яавал цөлөгдөхгүй байх. Тухайн үедээ хамгийн хүчтэй “стресс” байсан тухай гардаг юм. Бас “хайр сэтгэл” гэсэн давхар шугам бий. Гол алдаа нь тэр үеийн жүжгүүд “драматизм”-аа ганцхан жороор найруулдаг байсан учраас манай талын баатар л ялдаг. Түүний жүжгүүдэд манай талын баатрууд цөөнгүй. Их гацаж, бас гацанаасаа амархан гардаг байсан нь жүжгүүдээс нь ажиглагдана. Өөрөө ч бас ингэж бичсэн байдаг. “... “Чулуун “ гэж нэр өгч 1965 онд нөгөө гацчихсан жүжгийнхээ механикч Чадраагийн бага хүү болгож орон тоо нэмэгдүүлээд дахиад бариад авсан чинь жүжиг маань бараг л өөрөө бичигдээд дуусчихсан юм” гэсэн байна. Миний л хувьд зохиолч яагаад “гацдаг” яаж “гацаанаас” гардаг тухай анхны бодол Ванганы бичсэн энэ нийтлэлтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй.
* * *


(баруун гар талаас: Ч.Чимэд, Б.Ринчен, Ч.Лодойдамба, Э.Оюун, Ч.Лхамсүрэн нар)
4. ЧОЙЖИЛЫН ЧИМЭД
Яагаад ч юм бэ, хүмүүс түүнийг яруу найрагч гээд байдаг юм. Би бол хувьдаа жүжгийн зохиолч гэж үздэг. “Магеллан хаагуур гарсан бэ?”, “Монгол домог”,”Хавар намар” роман тууж бичсэн ч “Би монгол хүн”, “Дэнжийн ногоо” дуу шүлэг зохиосон ч бараг хүмүүс ярьдаггүй “Буурай аав” жүжигэнд нь би дуртай.  Одооны зарим уншаагүй байж бүгдийг мэдэгчид ийм жүжиг байдгийг сонссон ч юм уу, бүү мэд. Лав л уншаагүй. Шижир гэдэг эрийг их өрөвддөг байлаа. Эхнэрийнхээ гарт орчихсон. Амьдрал нь тэрчигээрээ “арын хаалга” болчихсон. Эр хүн ингэж амьдарснаас илжиг болж төрөөд тээрмийн бул эргүүлсэн нь дээр санагдаж байж билээ. Ишхүү шоронгоос гараад удаагүй, Чимэд ч бас тэр газраар нэг шагайсан гэж байгаа. “Босгон дээр” сэдэв нь мэдээж ”атар газар эзэмших” л дээ? Харин Дэнсмаа, Ишхүү хоёрын амьдрал, хайр дурлал, босон өндийх гэсэн хүсэл надад сайхан мэдрэмж төрүүлдэг юм. Хожим” Сэтгэлийн дуудлагаар” нэртэй кино болсноор нь үзэгчид мэдэх билээ.


Л.Ванган, Ч.Чимэд хоёрын хамтарсан “Өглөө”, “Тэмцэл” кинонууд түүхэн үнэнг гуйвуулсан гэдэг ч “Арын албаныхан” жүжиг нь амьдралын үнэнд их ойрхон болсон билээ. “Маш нууц” нэртэй жүжгээр нь нэрлэгдсэн номыг аав надад Төв аймгийн Эрдэнэсант сумын номын сангаас авч ирээд Бүрэн-Эрдэнэсант сумын хооронд өндөр хүчдэлийн шугам татах ажилтай хүмүүсийн эзгүйд аяны ногоон майхандаа уншиж хэвтсэн зуныг сананам. Митико охиныг их л өрөвдөж байлаа. Хөөрхий Япон охин ямар азгүй вэ? Капиталист Японд төрөөд баларсан замд ордог.
* * *



5. ДЭМБЭЭГИЙН МЯГМАР
Д.Намдаг гуайн гэр сургуулиас Д.Мягмар, Д.Батбаяр, Х.Зандраабайды нар төрцгөөсөн нь сэтгэл хөдөлгөм түүх юм. Туужуудаараа хэдийнээ Монголын уран зохиолд байраа олчихсон Д.Мягмар, Д.Намдагийн дэргэд сууж жүжгүүдээ бичиж эхэлсэн нь сайхан хэрэг явдал. “Нэгэн няравын паян”,”Найрын ширээний ууц”, “Нандин эрдэнэ”, “Би яагаад” гэсэн хошин жүжгүүд бичсэн нь бүүр чиг сайхан хэрэг. Хадам ээжийнхээ алтан эдлэл рүү шунах Дамчаа надад одоо дэндүү олон болчихсон юм шиг бодогдоно.

Харин “Нандин эрдэнэ” кино зохиол, эх зохиолоосоо ялимгүй зөрөөтэй. Харьцуулж үзвэл ялгааг нь тодорхой харна. Цэвэлмаа эмч гэж сайхан дүр бий. Сайхан л дүр юм даа? Хамаг үнэнийг мэдэж, хоёр охинд тус болдог. Дамчаа нь олон болоод Цэвэлмаа нь цөөрсөн болохоор “сайхан” гэдгээс өөр үг олдохгүй бэрх юм.


За, “Найрын ширээний ууц” бол угтаа над мэтийг доромжилсон санааг агуулсан жүжиг. Яагаад гэвэл би ч  ялгаатай найрын ширээнд том нь дээр гээд хонин дундаас хуцыг нь сонгож мэдэх суурин-Монгол. Шүүмжлэхээр зүйл амьдралд мэдээж дэндүү их. Зусар бялдууч, муйхар тэнэгүүд ч олон.  Жүжиг яах аргагүй хүмүүсийн харилцааны “зөрчил” учраас шүүмжлэх, шоглох, илчлэх, нүүрэлдүүлэх зэрэг дам бус шууд хэлбэрүүдийг хэрэглэдэг. Энэ зарчим хамгийн их ажиглагддаг зохиолч бол гарцаагүй Дэмбээгийн Мягмар. Жүжиг бичих хөнгөн санагдах атлаа хэн дуртай нь барьж авдаггүй “зүйл” болохыг надад сануулсан “Найрын ширээний ууц” нэртэй нэг түүвэр бий.  Тэндээс юуг сурах вэ? Хамгийн тодорхой “диалогуудыг” унш. Цааш нь яахаа өөрөө л шийдэх хэрэг.
* * *



6. ДАРМАА БАТБАЯР
“Үхэл-миний өмч” биш. Харин бид үхлийн өмч гэж санагдана. Бид ер нь олон юмыг өмчилдөг ч үнэндээ тэр бүгдийнхээ”өмч” болж хувираад байгааг юу гэмээр юм дээ. “Хөхөлдэй хүүгийн үлгэр”
миний  арай бүтэлтэй болсон анхны жүжиг. Доржсамбуу тайзан дээр тавихдаа жинхэнэ “сэтгэсэн” дээ? Хана хэрэм нь нураад, хэрэмнийх нь орой Кремлийн хэрэмний оройтой ижилхэн. 15 толгойтой атгаалжин хар мангас. Нэгхэн удаа тоглогдоод л хаагдсан. Ямарав? Зоригтой байсан байгаа биз. Өмнө нь “Мартагдсан аялгуу”... Тэр яах вэ? Жүжиг нь жүжиг. Намдаг багш намайг их шахсан л даа? /Бид хоёрын хооронд болдог олон ярианы ердөө нэг нь/ Тэгвэл “Гэгээ”... Юу л даа, чи өөрөө уншаад үз. 

Ингээд би “МУЗД-75 Хайрыг хайрла” ботийг аваад харьж билээ. Уншиж дуусаад удаан бодлоо. Манай жүжгийн “ертөнц” Д.Намдагаас, Д.Батбаярын хооронд баахан хоосон юман дундуур явчихсан ч юм шиг... Гэтэл “Д.Батбаяр жүжгийн зөрчлөө нээн олохдоо аргагүй л Намдаг гуайн дэг сургуулиас гарч ирсэн нь мэдэгдээд байдаг... Тэх тусмаа аливаа юмыг хөдөлгөж, хөгжүүлэн байгаа дотоод гол зөрчлийг нь олж харна гэдэг жүжгийн зохиолч мөн бишийн шалгуур”. Энэ үгийг би биш Ч.Билигсайхан багш хэлсэн юм. Дотоод зөрчил. Нэг нүдээрээ харах юм бол жүжиг ердөө л “зөрчил” юм шүү дээ? 
"Хайрыг хайрла” жүжгийг санал даа? Дотоод зөрчлийг олж харах, боловсруулах, бичигдсэн жүжиг бол ердөө 50 хувь. Үлдсэн 50 хувь нь тайзан дээр босдог юм билээ. Миний Д.Батбаярын жүжгүүдээс 100 хувиар нь болгоосон ганцхан жүжиг бол “Үхэл-миний өмч”. Үзэж дуусаад сэтгэлд гэрэл татсан юм. Бас түүний эрхлэн хэвлүүлсэн “Абсурд жүжгүүд” түүврийг уншаад шууд л шийдсэн. Бараг л чадах юм байна гэж.

“Шувуу бүхэн жаргалтай” ийм нэртэй түүвэр бий. “Цөөрөм”-ийг судлаачид Б.Шоугийн уламжлалыг барьсан гүн ухааны жүжиг гэж үнэлсэн байдаг юм. “Цахилж яваа гөрөөс” туужаар хийсэн кино, “Мөнх тэнгэрийн хүчин дор” түүхэн кино зохиол, нилээд дээр үеийн “Сүхболдын яриа” бүгд энэ зохиолчийн бүтээлүүд л дээ? Харин “Цөөрөм”  надад хөдөлгөөн сайн зүйл боловч огт хөдөлгөөнгүй орших ч бас тийм муу биш юм гэж санагдсан билээ.
* * *

7. БУСАД НЬ
1990-ээд оны эхэн үед судлаачид 500 гаруй жүжигтэй гэж тоолсон байдаг. Бас тэр тооны романтай гэсэн байналээ. Одоо нэмэгдээд нэмэгдээд жүжиг л лав 600 хүрээгүй. Харин кино-жүжгийн зохиол гэвэл 600 гарах байх л даа? Тэгвэл тэр 600 орчим дотор Х.Зандраабайды гуайн “Гул Аранжин” сонин сайхан зохиол. Социализмийн үеийн “урт дурын дүр” эцэст нь сайн малчин болдог нь л жаахан тиймхэн. Олонд их хүрсэн бүтээл. Ямар сайндаа бидний багад “хаагуур гуларанждах вэ?” гэдэг хэлц дэлгэрсэн байхав дээ? “Гул Аранжин” нэртэй ном байдгийг ч санаж байна. “Хөх ногооны униар”, “Хонины найр” гээд Монгол кинонуудын зохиолуудыг тэр бас бичсэн байдаг. 

Ч.Гомбо бол онцгой кино зохиолч. Манай эхнэрийн одоо ч үзэх дуртай “Моторын дуу”,”Анхны алхам”,”Гэрлэж амжаагүй явна”, “Давааны цаана даваа” гээд уянгын зөөлөн кинонуудын зохиолыг бичсэн. Илүү гүнзгийрүүлж судлах зохиолчийн нэг аргагүй мөн гэж бодох болсон.
Ш.Ёнхор “Эдлэх ёсгүй эрх” жүжиг, Дожоодоржийн  “Өнөр бүл”, “Хүргэн хүү”, ”Намрын халуун өдрүүд” кино зохиолууд, С.Пүрэв” Суварган цэнхэр уулс”,”Загийн алим”, “Мартагдсан дууль” кинонуудыг үзсэн байхад юу нь буруудах вэ?




* * *

8. СОРОГДОГИЙН ЖАРГАЛСАЙХАН

“Айлын том хүү” тууж хожим нь “Сүүдэр” нэртэй кино болсон юм. Дугар их зовсон амьтан даа? “Муу амьд явахаар сайн үх” гэдэг үг л түүнд дэндүү тохирно. “Илүү сартай зун” кино бол хаа сайгүй “лугшаад” эхэлсэн үед зохиогдсон бүтээл. Дэлбэрэх гээд л байгаа цаг үеийн хүмүүсийн зан төрх, үзэл санаанд орж буй хувирлуудыг илүүтэй гаргасан санагддаг юм.


 Үнэндээ Ц.Балдорж “Зэрэглээ”, “Хачин хүн”, “Хэрээ” кино-жүжгийн зохиолууд, С.Жаргалсайханы “ Хаан түүх”, ”Шөнө дундын бүжиг”, “Жамуха”,” Дурлал яг үлгэр шиг бас үхэл шиг” бүтээлүүдээр жүжгийн зохиолын “амь” тасралгүйгээр явсан юм билээ. “Хаан түүх”/тэртусмаа нэг нь / шиг түүхэн сэдвээр нягт бичсэн жүжиг унших шаардлагатай.


Энэ зохиолчийн “Итгэл”, “Халуун газар”, ”Тэмүүжингийн бага нас” нэртэй жүжгүүдийг сураг нэрийн дуулснаас цаашгүй. Харин “Чингис хааны нууц түүх” номыг шал дэмий бичсэн юм. Эвгүй юмтай зууралдаж орхиод эвтэйхэн хэдэн жүжиг бичих насандаа “сэвтдэж” орхисон юм болов уу гэж санадаг юм.
ТӨГСГӨЛ


“Тайзаар сэтгэж бичих-орон зай-гэрэл-дүрс-үзэгдлийг барьж бичих” энэ хэдэн үг дээр нэмээд зөрчил-зохиомж- харьцаа-дүр-зүй тогтол-тогтсон таалалыг харгалзан бичих. Зарим нэг хүний жүжиг гэж бодож бичсэн нь “найраглал” шиг болчихсон, зарим нэг хүний жүжиг гэж бодож бичсэн нь “тууж” шиг болчихсон байдаг нь “жүжгээ” сайн ойлгоогүйд оршиж байх шиг санагднам.

П.БАТХУЯГ 

http://bathuyag.essay.time.mn

No comments:

Post a Comment