2012-06-13

“Ану хатан” түүхэн киноны шинэ цагийг эхлүүллээ

Анхаар. Чимээгүй. Ийм команд сонссон хүн бүр байгаа газартаа хөдөлгөөн, дуу чимээ гаргалгүй зог­сох ёстой. Учир нь, зо­хиолч Б.Шүүдэрцэцэгийн зохиолоор бүтээж буй “Ану хатан” киноны зураг авалт энд явагдаж байна.
Энэхүү түүхэн уран сайхны киноны уран бү­тээлчидтэй хамт яг л ийм орчинд бид хоёр цаг хэртэй хугацааг өнгөрөөв.

Биднийг очих үед Галдан бошигт хааны эх Юм-Агас хатан бурхны оронд одож буй хэсгийн зураг авалт хийгдэж байлаа. Юм-Агас хатны дүрд МУГЖ С.Сарантуяа, Асралтад Ц.Оюундарь, Ану хатанд “Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргал тоглож буй. Хүн бүрийн зургийг тус тусад нь авдаг учир нэлээд хугацаа шаарддаг аж.
Мөн зураг авалт дуустал жүжигчдээс өөр хэн ч ямар нэгэн хөдөлгөөн хийж, дуу гаргаж болохгүй. Эс бөгөөс, гадны чимээ шуугианаас болж, зураг авалтыг да­хин эхлүүлэх шаардлага тулгарна. Гэвч энэ өдрийн зураг авалтад дадлага турш­лагатай жүжигчид оролц­сон учир тэд бараг алдаа гаргалгүй, зураг авалт бү­рийг нэг удаагийнхаар дуус­гаж чадсан юм.
Дөрвөн улирал дамнан үргэлжилсэн зураг авалтын ордны хэсэг ийнхүү дуусч байлаа. Энэ хугацаанд “Ану хатан” киноны зураачид зургаан ордон, гурван өргөөг өөрсдийн гараар бүтээж, бас “нураажээ”. Учир нь, павилонд олон ордон, өргөө багтахгүй учир дараагийн зураг авалтад бэлтгэхийн тулд асар их хүч хөдөлмөр зарцуулан байж босгосон бүтээлээ нурааж, түүнийхээ суурин дээр дахин шинэ ордон сүндэрлүүлэх хэрэгтэй болдог байна.

Т.Алтантуяа:
Түүнийг Ану хатны дүрээр мөнхөрөөсэй гэж хүсч байна
Ерөнхий найруулагч, Мон­гол Улсын соё­лын тэр­­гүүний ажил­тан, жү­жигчин Т.Алтан­туяа­тай киноны зураг авалтын явцын та­лаар ярилцлаа.
-Найруулагчийн ажлаа чухам яагаад түүхэн ки­но­гоор эхлэхээр шийдэв?
-Хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлдэг зүйл байдаг. Чин сэтгэлийн эмзэглэлээс үүдсэн бүтээл хүний сэтгэлд маш их хүчтэй хүрч, нө­лөөлж чаддаг гэж боддог учраас энэ сэдвийг сонгосон юм.
-Монголын кино урлаг арвин баялаг сантай хэдий ч түүхэн кино энд тун бага орон зайг эзэлдэг. Гэтэл бид тив дэлхийд гайхагдсан агуу түүхтэй орон шүү дээ?
-1989 онд “Мандухай сэцэн хатан” кино дэлгэцнээ гарахад би хүүхэд байлаа. Тэр цагаас хойш энэ киног хэд давтан шимтэн үзсээр ирсэн. Тэр цагаас хойш 20-иод жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд манайхан түүхэн кино бараг хийгээгүй. Ха­рин өнгөрсөн жилээс түү­хэн кино хийж эхэлсэн. Монголын кино ур­лагийн шинэ үеийнхний түүх одоо л эхэлж байна гэж би боддог.
Монголчууд агуу ард тү­мэн. Хаад нь сүр хүчтэй, ха­тад нь асар ухаалаг. Тиймээс шинэ үеийнхний түүхэнд агуу дайчин хатдын тухай уран бүтээл хийх шаардлагатай гэж бодож байна. “Ану ха­тан” кинонд өнөө цагт бид­ний дунд дутагдаад байгаа үнэнч хайр, үнэнч нөхөрлөл, эх оронч сэтгэлгээний тухай өгүүлнэ.
-Эмэг­тэй зохиолч, эмэг­тэй най­руулагчтай учир тэр хү­ний дотоод сэтгэл, бүсгүй хүнийх нь онцлогийг илүү­тэй гаргаж өгч байгаа болов уу гэж бодож байна?
-Зохиолч Монгол орны түүхийг маш сайн судалсан. Бид хоёр ярилцаад, залуу үеийнхэнд сургамжтай бо­лоод бусад түүхэн кинонд тэр болгон хөнддөггүй асууд­луудыг хөндөхийг зорь­сон. Тиймээс хайр дурлал, тэмцэл, зовлон шаналал гэх мэт зүйлийг эмэгтэй хүний сэтгэл зүрх хэрхэн даван туулдгийг харуулахаар хи­чээж байна.
Бид Монголын урлагийн гурван үеийн уран бү­тээлч­дээр дүр бүрдүүлэлтээ хий­­сэн. Залуучууд нь ах­мад үеийнхнээсээ су­рал­цах ёстой гэж бодсон юм. Ки­нонд жүжигчин хүн л амьдарч, тэр л үзэгчидтэй амьд холбоо үүсгэдэг учраас ерөнхий найруулагчийн хувьд киноны дүрийн сон­гон шалгаруулалтад их анхаарсан.
Мөн хүний амьдралын зовлон жаргал, баяр гуниг, үнэнч биш байдал гээд сэтгэл хөдлөлийн бүх илэрхийллийг эмэгтэй хүний нүдээр харж, өөрийнхөө хэмжээнд үзүү­лэхийг хичээж байна.
Манай кинонд 1653-1696 оны үйл явдлыг харуулж бай­гаа. Мөн дэлхийн түү­хэн дэх хамгийн агуу тулаа­нуудын нэгийг үзүүлж байгаа.
Гэвч “Эмэгтэй хүний сэт­гэл зүрх гэдэг гүн далайн ёроол мэт” гэдэг сайхан үг бай­даг даа. Тэгэхээр тэр бүх нууцад нэвтрэн үзүүлэхэд тун хэцүү. Бид бүгдийг төгс үзүүлж чадахгүй ч байж мэд­нэ. Ямартаа ч бүхий л мэдлэг боловсрол, ур чад­вараа дайч­лан ажиллаж байна. 
-“Домогт Ану хатан” жүж­гийн  гол   дүрийг МУСТА, жүжигчин Ц.Баясгалан маш сайн бүтээсэн. Гэтэл ки­­нон­доо яагаад түүнийг тог­луулалгүй, мэргэжлийн бус хүнийг сонгон авсан юм бол гэж олон хүн гайхаж байгаа байх?
-Ардын жүжигчин Н.Сувд гуай Мандухай хатны дүрээрээ монгол түмнийхээ сэтгэлд мөнхөрч үлдсэнтэй адил Д.Отгонжаргалыг ч бас Ану хатнаараа мөнхөрч үлдээсэй гэж хүссэн.
Мэргэжлийн жүжигчид ажлын шаардлагаар төрөл бүрийн дүр бүтээдэг. Тэд өнөөдөр агуу дайчин хат­ны дүрийг бүтээсэн ч дараа жил эротик кинонд тог­лох шаардлага тулгарч бол­но. Энэ нь тухайн жү­жигчний ганц дүрээрээ мөнх­рөх бо­ломжид их, бага хэм­жээ­­гээр нөлөөлдөг гэж бо­дож байна. Бид энэ бүх эрс­дэлийг бодож, тооцож үз­сэний үндсэн дээр Ану ха­танд мэргэжлийн бус хүн тоглуулахаар сонгож авсан юм. Д.Отгонжаргал маань ч бидний итгэлийг дааж, маш сайн тоглож байгаа. Түүнийг жижигхэн биедээ баймгүй дайчин, зоригтой бүсгүй юм гэдгийг зураг авалтын үед мэдэрсэн. Киноны маань 50 хувь нь тулаант хэсгээс бүрдэж байгаа. Манай От­гоо моринд эрчүүдээс ду­та­­хааргүй эрэмгий байж, ту­­лаант хэсгүүдэд орлон тог­логчгүйгээр тоглож байгаа.
Бид жижиг тулааны зу­раг авалтыг дүн өвөл хий­сэн. Тэр үед хүмүүс даарч, ядарч байна гэсэн гомдол их гаргасан. Гэ­тэл манай Ану хатан ямар ч гомдол гаргалгүй, маш их тэв­чээртэй гэдгээ харуулсан.
-Удахгүй тулааны хэс­гийн зураг авалт эхлэх нь. Зураг авалтаа хаана хий­хээр тө­лөвлөж байна вэ?
-Манай кинонд Мон­го­лын түүхэнд болсон 32 агуу ту­лааны хамгийн том нь болох Ойрадын  цэргүүд  Манжуудтай байлдсан ту­лааныг харуулж байгаа. Уг тулаан Цонжин бол­догт болсон гэж түүхэндээ өгүүл­сэн байдаг. Тиймээс бид тэр­хүү түүхт газар зураг авалтаа хийхээр шийдсэн.
-Тулааны хэсгийн зураг авалтад нийт хэдэн хүн оролцох вэ?
-150 хүн оролцоно. Ту­лааны зураг авалтын үед би­дэнд нэг том асуудал тул­гарч байгаа. Бид өвөл Тэрэлжид зураг авалт хийхэд нэг өдөр морийг 20 мянга, тэ­мээг 50 мянган төгрөгөөр тү­рээсэлсэн. Нийтдээ гурван өдрийн зураг авалтад нэг сая 600 мянган төгрөгөөр мал түрээсэлсэн байсан. Гэ­тэл одоо бидэнд 150 агт морь хэрэгтэй болж байгаа юм. Нэг морийг нэг өдөрт 20 мян­ган төгрөгөөр түрээсэлнэ гэхээр үнэхээр их дүн гарч байгаа биз. Манай улс хөдөө аж ахуйн эх орон гэгддэг. Хүнээсээ хэдэн зуу дахин олон малтай оронд амьдардаг бид Монголын түүхэнд агуу гавьяа байгуулсан хатныхаа тухай кино хийх гэж асар өндөр үнээр мөнгө түрээсэлнэ гэдэг үнэхээр харамсалтай хэрэг.
-Түүхэн кино асар өндөр зардлаар бүтдэг. “Ану ха­тан” хэдэн төгрөгөөр бүтэх бол?
-400 мянган ам.долларт багтаахаар төлөвлөж байгаа. Гэвч энэ өндөр зардлыг зо­хиолч, продюсер хоёр маань гаргаж чадахгүй шүү дээ. Энэ дашрамд, би­дэнд тусалж байгаа бай­гуул­лага, хувь хү­мүүстээ маш их талархаж байгаагаа илэрхийлье.
Д.Отгонжаргал: Ану хатны зан төрх минийхтэй төстэй санагдсан
Зураг авалтын үеэр Д.Отгонжаргалтай уулзаж, цөөн асуултад хариулт авсан юм.
-Кинонд тоглох ямар санагдаж байна?
-Би мэргэжлийн жүжиг­чин биш учраас бүгдийг үзэгчдийн хүсч байгаа хэм­жээнд хүртэл хийнэ гэдэг амаргүй. Гэвч надад итгэл хүлээлгэж, энэ дүрийг надад өгсөнд нь баярлаж, энэ олон хүний итгэлийг алдахгүйн тулд хичээн ажиллаж байна.
Түүхэн кино гэдгээр утгаараа маш бодитой, үнэн байх ёстой. Тиймээс энэ агуу хатны дайчин, баатарлаг зан төрх, Монголын түү­хэнд байгуулсан гавьяаг харуулахаас гадна эмэгтэй хүний уужуу ухаан, энэ­рэнгүй сэтгэлийг нь гаргахыг хичээж байна.
-Таныг харахад эмзэг турьхан, уян зөөлөн хүн шиг санагддаг болоод ч тэр үү, домогт хатны дүрийг хэрхэн бүтээх бол. Түүнийг эрэлхэг дайчин зан чанарыг нь гаргаж чадах болов уу гэсэн эргэлзээ байсныг нуух юун?
-Манай кино багийнхан дүрийн судалгааг маш сайн хийсэн. Би их эршүүд хүн шүү дээ. Энэ зан чанараараа Ану хатан бид хоёр нэлээд төстэй. Тиймээс түүний энэ чанарыг гаргахад надад нэлээд дөхөм байгаа.
Хажууд минь түшиж тулах, дадлага туршлагатай, мэргэжлийн хүмүүс бай­гаа учраас хүнд хэцүү санагдахгүй байна. Гэвч зураг авалтын үед унтаж амрах, идэж суухаа хүртэл хойш тавих хэрэг гардаг. Дуучид бол сайн унтаж амрах ёстой байдаг. Тиймээс эхэндээ үүнд дасах жаахан хэцүү байсан. Кино зураг авалт бол багийн хүчээр урагшилдаг юм байна гэдгийг ойлгосон. Мэргэжлийн жүжигчин биш учраас анхаарлаа өөр зүйлд хандуулахгүй, зөвхөн зураг авалтдаа анхаарч, дүрдээ сайн орох нь чухал.   
Манай ахмад үеийн уран бүтээлчид энэ бүхэнд маань тусалж байгаа. Харин өөрийгөө хэр тоглосныг киногоо дэлгэцэнд гарсны дараа л мэднэ дээ.
-Тулааны хэсгийн зураг авалт удахгүй эхлэх гэж байна. Таныг энэ хэсэгт орлон тоглогчгүй тоглож байгаа гэж сонслоо?
-Бид 20-иод хоног бэлтгэл хийгээд, тулааны хэсгийн зураг авалтдаа орно. Бие галбирын хувьд надтай яг адилхан хүн олоход хэцүү. Тиймээс орлон тоглогчгүй тоглохоор шийдсэн. Ер нь бэлтгэл сайн хийчихвэл яагаад чадахгүй гэж бодсон л доо.
Мөн энэ бол анхны зураг авалт биш. Бид өвөл жижиг тулааны зураг авалт хийж байсан. Тэр зураг авалтаас сурсан зүйл, хуримтлуулсан туршлага багагүй бий. Тиймээс харьцангуй дөхөм байх болов уу гэж бодож байна.
 Эх сурвалж: Өглөөний сонин

No comments:

Post a Comment