2012-06-13

Найруулагч Б.Сумхүү

1956-1961 онуудад Бүх холбоотын киноны дээд сургуульд суралцаж, кино найруулагчийн мэргэжил эзэмшсэн Бадрахын Сумхүү 1929 онд Ховд аймгийн Ховд хотод төржээ. Э.Оюун, Л.Ванган, С.Гэндэн, Ц.Цэгмид, Б.Дамдинсүрэн зэрэг алдар цуутнуудтай хамт ажиллаж байсан нь түүний сайн найруулагч болоход онцгой нөлөөлсөн гэдэг.
Зөвлөлтийн кино урлагийн нэрт мастер Л.Кулешовын ангид тэрээр суралцан төгссөн байна. Багш Л.Кулешов адал явдалт киног ихэд сонирхдог байсан бөгөөд тэр нь Б.Сумхүүд нэлээд нөлөөлсөн гэх. Б.Сумхүү бүрэн хэмжээний 20 орчим кино бүтээжээ.
Тэдгээрийн зургаа нь адалт явдалт кино байдаг. Кадрын өрөлт сайтай, утга санаа гүнзгий эдгээр кино нь Б.Сумхүүгийн урьд нь эзэмшсэн зураачийн мэргэжлийн үр дүн бүлгээ. Б.Сумхүү нь “Орой”, “Сүхбаатар дайнд", “Чөлөөгөөр” зэрэг тосон будгийн хэд хэдэн бүтээл туурвиж шагнал хүртэж байсан сайн зураач юм. Анхны кино нь 1963 онд гарсан “Толбот хивс” бөгөөд түүнээс хойш “Төөрсөөр төрөлдөө”, “Хил дээр”, “Дайсны цэргүүдээ сонсоцгоо”, “Ичээнд нь", “Моторын дуу”, “Хань", “Анхны хайрын дууль", “Их замын эхэнд”, “Говь хянганд тулалдсан нь", “Би нисэх дуртай”, “Хөх өвсний нуур хөлгүй", “Одод орчих хязгаар’, “Сахиул уу, сахиус уу” зэрэг 20-иод киноны найруулагчаар ажиллахаас гадна хэд хэдэн киноны зохиолыг бичилцсэн олон талын авьяастай хүн юм. Нэрт зохиолч асан Батын Нямаагийн зохиолоор “Төөрсөөр төрөлдөө” киног бүтээсэн бөгөөд энэ бол 1966 оны явдал. Ардын хувьсгал ялж байх эхэн үеийн үйл явдал энэ кинонд гардаг. Балт гэдэг эр оргодол тэнүүлчин шиг эхэндээ харагдах боловч Хэнтийн их хөвчид бүгэж суухдаа мөлжигч ангийнхантай чадлынхаа хэрээр тэмцэж байна. Түүний тэмцэл ганцаардмал байдаг. Орон нутгийн ганц нэг ноёдыг эсэргүүцэж, хавчлага мөрдөлтөөс зугтан буруулж байвч нийгмийн том хувьсгалд аяндаа татагдан орж байгааг Б.Сумхүү маш оновчтой гаргасан байдаг.
Ардын хувьсгалын нөлөө харцын гэрт ч, харанхуй хөвчид ч хүрч чадсан түүхэн үнэнийг “Төөрсөөр төрөлдөө” харуулж чадсан юм. Авьяаслаг зохиолч Ж.Лхагваагийн хоёр жижиг өгүүллэгээр хийсэн “Анхны хайрын дууль” кино 1975 онд гарч үзэгчдийг баярлуулсан. Долгорсүрэн, Бэгз, Сувд, Ганболд нар гол дүрд нь тоглосон энэ кино манай кино урлагт өвөрмөц өнгө зохиомж авчирсан. Цэргийн хуучин байр байсан газарт жолоочтойгоо, ирж хоноглохдоо ахмад дайчин, Дандий Халх голын дайны үеийн дурсамжаасаа ярьж өгч байна. Орь залуугийн хайртай, суман даргын охин нь бөмбөгөнд өртөж нас барсан гунигт дурсамжаар уул киног сайн бүтээсэн билээ. Энэ мэтээр Б.Сумхүүгийн найруулсан “Ичээнд нь”, “Моторын дуу”, “Хань” зэрэг бүтээлүүд 1970-аад оны шилдэг кино болсныг дурдах нь зөв биз ээ. Ялангуяа “Хань" киног онцлон авч үзвэл зохих юм. Гол баатар Наран нь өнөөгийн манай бүсгүйчүүдийн нийтлэг агаад шилдэг дүр болжээ. Хүний жинхэнэ хань, айл гэрийн сайн эзэгтэй Наран буюу Н.Сувд уул дүрийг сайн бүтээсэн. Энд нэг сайхан өгүүлбэрийг хадмындаа очсон бэр буюу Н.Сувд хэлдэг. Нөхөртөө /Төмөр/ тэрээр “Чи минь сайхан ч нутагт, сайн ч хүмүүсийн дунд өссөн юм байна” гэж хэлдэг. Нутгийнхны хайрыг тэр аяндаа татаж чадна. Энэ кинонд Ардын жүжигчин С.Гэндэн Дэндэв өвгөний дүрийг их өвөрмөцөөр бүтээсэн. Дэндэв нь цагтаа цалгиж явсан сайхан эр шиг харагдана. Ааш зан нь ширүүн дориун юм шиг боловч хал нь гаднаа, хайр нь дотроо байдаг халхын сайхан өвгөн юм. Бэр нь /Наран/ эмнэлэгт амь насаа алдаж болзошгүй байхад эмнэлгийн үүд сахин шаналан гунихарч өөрийгөө хараан зүхэж суугаа, эмч нарын буянаар бэр ач хоёр нь амар мэнд гарч өвгөн сэтгэл тайвшран баярлаж байна. Энэ бүхнийг Б.Сумхүү ч тэр, Сувд, Гэндэн ч тэр, сайн үзүүлсэн билээ. Кино судаач Д.Цолмон Б.Сумхүүгийн энэ киноны талаар маш сонирхолтой хэсгийг зориуд онцлон ийн бичсэн нь анхаарал татаж буй тул цөөн өгүүлбэр иш татъя. “Сурвалжлагч Ундраа хөдөө яваад ирсэн тухайгаа ярьж байна. “Замд шаварт суугаад энэ бороог ярих юм биш. Өнгөрсөн шөнө нэг оторчин хүүхэнтэй хуучилж хонолоо. Хачин юм даа. Чи бид хоёрын үеийн нэг хүүхэн таван хүүхэдтэй, 600 хонь маллаад отор хийж явах юм, Эзгүй зэлүүд газар бороо, шуурга таарах, нөхөр нь болохоор жил бүр л тууварт явдаг гэнэ. Хэчнээн cap болдог юм, бүү мэд. Санаад ч тэр юм уу, сав л хийвэл нөхрөө яриад унах юм. Нөхөртөө сайных л байх. Гэтэл эрдэм номтой гэгдэх бид юу боллоо. Намайг хэд хоног хөдөө юм уу, сурвалжлагаар явахад л хэрүүл маргаан гардагсан. Тэр хоньчин хүүхэн ч, би ч ялгаагүй хийе, бүтээе л гэж бодож байгаа шүү дээ” гэхчилэн ярьж байгаа яриа нь өнөөдрийн манай эмэгтэйчүүд юмыг харьцуулан бодож, нийгмийн үүднээс сэтгэдэг, амьдралдаа ухаантай ханддаг болсны гэрч гэлтэй. Сайхан сэтгэлтэй эмэгтэй хүн, хань хүн ийм л байдаг юм байна гэж харьцуулан ойлгосон нь Ундраагийн дүрийн дэвшилттэй тал юм. Юугаар ч гачигдаж дутагдаагүй боловсрол мэдлэггэй энэ эмэгтэйн нүдэнд гунигийн сүүдэр ямагт сүүмэлзэх нь дотор сэтгэлийг нь чухам юу шаналгаж яваагийн илэрхийлэл гэлтэй. Энэ дүрийг жүжигчин Цэцгээ сайн бүтээсэн. Төмөр, Наран хоёрын эвлэрсэн үеийн нэг хэсэгт тэд гэртээ хэчнээн эв найртай, ямар аз жаргалтай байна вэ. Энэ үеийг аль болохоор үзэгчдэд илүү ойлгомжтой, аятай дамжуулах үүргийг найруулагч Б.Сумхүү сайн шийдсэн. Наран, Төмөр хоёрын амьдралын цаашдын цэвэр нандин хайр сэтгэлийн өнгө нь эх хүний сүүний өнгө. Зулзагалж буй мод амьдрал нь цэцэглэх бэлгэдэл болжээ. Тиймээс нам гүмийг цочоон үр нь уйлах дуунаар кино төгсөж буй нь амьдрал үргэлжилж байгаагийн бэлэг тэмдэг юм”.
Дээрх судалгаа дүгнэлт бол уул киноны маш чухал санааг олж харж, онож хэлсэн үг болой. Б.Сумхүү найруулагчийн бүтээсэн “Ичээнд нь” кино түүхийн үнэнийг яс үзүүлж чадаагүй гэж шүүмжлэгдсэн ч тухайн цаг үе, хүмүүсийн талаар нэлээд нухацтай гаргаснаараа 1970- аад оны дориун кино болсон юм. Дамбийжааг ичээнд нь буудахад хурууны завсраар цус сад тавьж “Энэ чинь зүүд үү, юу вэ” хэмээн хашгираад дуусч буй тэр хэсэг нь баруун хязгаарыг түйвээж  асан хоёр тэмээтэй  бадарчин буюу Дамбийжаагийн төгсгөл юм. Цолмонбаатар энэ дүрийг сайн бүтээсэн. Түүхч эрдэмтэн, зохиолч Ш.Нацагдоржийн зохиолоор бүтсэн эл киног Б.Сумхүү чадмаг найруулснаараа монголын түүхийн нэгэн эгзэгтэй үеийг олон түмэндээ дэлгэн харуулсан гавьяатай. Б.Сумхүүгийн бас нэгэн бүтээл нь хоёр ангит “Говь хянганд тулалдсан нь” кино билээ. Туульсын энэ том бүтээлийг Монгол, Зөвлөлтийн хэд хэдэн киночид туурвисан бөгөөд гол найруулагчаар Б.Сумхүү оролцсон. Нэргүй, Ц.Төмөрбаатар, Р.Лутаа, Ц.Дамдинноров, С.Сарантуяа, Л.Лхасүрэн, Кобаладзе зэрэг жүжигчид гол дүрд нь тоглосон. Түүхэн том үйл явдал, тулалдааныг өргөн хүрээтэй харуулснаараа “Говь хянганд тулалдсан нь” кино нь танин мэдүүлэх, түүхийг ойлгоход үзэгчдэд үлэмж тус нэмэр болсон гэдгийг тэмдэглэвэл зохилтой. Энэ кинонд тоглосон хүмүүсийн ихэнх нь шагнал хүртсэн бөгөөд Б.Сумхүү гуай Төрийн шагнал авчээ. Ийнхүү Л.Кулешовын шавь Б.Сумхүү нь Монголын дэлгэцийн урлагийн сайн найруулагч болсон ажгуу.

No comments:

Post a Comment