2013-08-26

Надад Б.Дамчаа гуай шиг эсрэг дүрд тоглох хүсэл байдаг


“Говийн зэрэглээ" киноны нисгэгч, Чин ван Ханддорж киноны Ханддорж, "Саруул талын ерөөл" киноны Нацагдорж, "Мандухай сэцэн хатан" киноны Энхээ зэрэг үзэгчдийнхээ сэтгэлд хоногшсон олон сайхан дүрээрээ мөнхөлсөн жүжигчин бол МУГЖ Д.Гүрсэд юм. Тэрээр төрийнхөө баяр наадмын өмнө МУГЖ цолоор энгэрээ мялаасан юм. Түүнтэй хөөрөлдсөн уран бүтээлийн яриагаа уншигч танаа хүргэе.
Уран бүтээлч хүн урмаар тэтгэгдэж байж улам ихийг хийж бүтээдэг. Танд МУГЖ болсноос хойш уран бүтээлийн заллага тасрахгүй бололтой. Сая хаана ямар кино зураг авалтанд яваад ирэв?
Би сая Сэлэнгэ аймгийн Бугант суманд Д.Энхбаатар, Гэрлээ гэж гэр бүлийн хоёр хүний зохиол "Анирлагч" нэртэй киноны зураг авалтанд арав хоног яваад ирлээ. Энэ кинонд хүн өөрөө өөрийгөө анирлаж сонсч чадах юм бол юуг ч давж чадна гэсэн утга санааг агуулж байгаа юм.
Үүн дотроо хайр дурлал, өшөө хонзон, атаа хорсол энэ бүгдийг багтаасан. Би энэ киноны өвгөний дүрд тоглолоо. Бурхнаас надад хэдий хэмжээний нас хайрласан юм, энэ насандаа жүжигчний мэргэжлийг эзэмшсэнээс хойш ард түмэндээ жигшигдэх нь үү, эсвэл үлгэр дууриал болох нь уу гэсэн хоёр шугамыг барьж ажиллаж байна. Ийм сэтгэлгээгээр уран бүтээлдээ оролцож залуу найруулагч, хүүхдүүдтэйгээ ярьж хөөрч явна даа.
Эргээд бодоход "Би энэ дүрийг үүнээс илүү бүтээх байсан даанч...." гэсэн битүүхэн харуусал, сэтгэл гонсойлгосон үе сэтгэлд тань үлдсэн байдаг байх даа?
Тайз дэлгэц гэдэг хоёр өөр жанр. Тайзан дээр жүжигчин хүн дүрдээ тоглож байхдаа өнөөдөр би энэ хэсэг дээр жаахан алдчихлаа, маргааш нөхчихнө өө, гэж бодож болдог.
Харин дэлгэцэн дээр тоглоход жүжигчин хүн өөрийнхөө дүрийг маш сайн бодож, боловсруулж, оператор, найруулагчтайгаа зохицож хэд хэдэн удаагийн сургуулилт хийж байгаад тэндээсээ минийх аль нь болж байна, аль нь дутуу байна гэдгийгээ хийдгээрээ кино урлагийн ертөнц агуу.
Өөрөөр хэлбэл жүжигчин хүнийг өндөр хариуцлага, өндөр ур чадвар, өндер мэдрэмж шаарддагаараа дэлгэцийн урлаг өөр. Телевиз, кино ч адил энэ тал дээр жүжигчин хүн нэлээн бодож боловсруулж тоглохгүй бол болохгүй.
Таныг Баянмөнх жонон, Чин ван Ханддорж зэрэг түүхэн хүний дүрд тоглосон. Эдгээр том дүрүүдийг бүтээхэд хэрхэн ямар судалгаа хийж байв. Дахиад нэг түүхэн дүр бүтээчих юмсан гэсэн нууцхан хүсэл тээгдэж л явдаг байлгүй?
Миний хувьд түүхэн дөрвөн дүрд тоглолоо. Үүнийхээ хажуугаар Монголын эзэн Чингис богд хаанд хүчин зүтгэж явсан Хуйлдар цэцний дүрд тоглолоо. Судлах зүйл их байна. Тухайлбал Хуйлдар цэцэн гэдэг хүн эзэн Чингис хааныхаа төлөө яаж эрэлхэгээр нас барж байсан.
Монголын эрх чөлөөний төлөө Чин Ван Ханддорж гэдэг хүн яаж зүтгэж, эргэлт буцалтгүйгээр улс төрд орж суүлд нь ямар харамсалтайгаар амь эрсэдсэн гэдгийг ном зохиолоос уншлаа.
Баянмөнх жонон ах Мандуултайгаа амь мурийгаагүй ч гэсэн бусдын атаа жөтөө ятгалгын дор яаж өртөнцийн мөнх бусыг үзсэн юм гэдгийг эргээд уншиж байхад их л зүйл бодогдох юм. Дахин дахин уншмаар зүйл их байна. Сүүлийн уеийн хүүхдүүдийг харж байхад юм унших нь багассан байна.
Тэр тусмаа түүхээ, том уран бүтээлчдийн туурвисан түүхэн том романуудыг унших нь бүр ч бага болж. Интернетээс өнгөцхөн товчхон 3 уншсанаа гэж уншсан гэж яриад дэлгэрүүлж уншихгүй байна. Нэг үе монголын киноны урлаг унаж сөнөлөө гэж ярьж бичсэн.
Гэхдээ монголын кино урлаг унаагүй. Тодорхой хэмжээний хөгжлийн нэг бэрхшээлтэй үеийг даван туулж, өнөөдөр монголын кино урлаг цэцэглэн хөгжиж байна. Монгол Улс баялаг түүхтэй, олон хаадтай. Энэ хаадуудаараа өнөөдөр том том уран сайхны кино хийхэд монголчууд түүхээр дутахгүй.
Энэ түүхээ зөв үнэлж судлах хэрэгтэй. Тийм учраас хүүхдүүд маань энэ сайхан бүтээлүүд дээрээ өөрсдийнхөө авьяас билэг, оюун ухаанаа уралдуулж, дэлхийд дуурсагдсан сайхан сайхан уран бүтээлүүд хийх байх л даа. Үүнд би итгэл төгс байдаг. Хийх ч болно. Хийгдэх ч болно.
Монгол Улс л байгаа юм бол Монгол Улс өөрийнхөө түүхийг дэлгэцэндээ бичих учиртай. Үүнийг бичихэд залуучууд боловсролтой, зоригтой ажиллах хэрэгтэй. Энэ тал дээр төр засгаас санхүүгийнх нь асуудлыг шийдээд сэтгэлийн дэм урам өгөх нь чухал байгаа юм.
Таны үеийн кино зураг авалт хаана ямар орчинд хийгддэг байв?
Жүжиг эхнээсээ дуусталаа ширээний уншлага хийж, үгээ харилцан тоглогчтойгоо хоногшуулж байж үзэгчдэд хүрдэг. Тэгвэл кино өнөөдөр эхэллээ гэж бодоход эсвэл эхнээс нь, эсвэл дундаас нь авч байж болно. Жүжигтэй адилхан үргэлжлээд явдаггүйгээрээ онцлогтой. Дээр нь нөр их хөдөлмөр шаарддагаараа кино урлагийн ертөнц өөр юм.
Та бүтээсэн дүрээ тоолж үзэв үү?
Би 50 гаруй киноны гол болон олны хэсэгт оролцсоноо харж байхад зохиолын үзэгчдэд хэлэх гэсэн санаан дунд жүжигчин хүн яаж амьдрах вэ гэдгээ олж, тэрхүү өгөгдсөн нөхцөлдөө бэлэн байх ёстой. Ингэж олон хүний хүч хөдөлмөр шингэсэн бүтээл дотор өөрийнхөө тодорхой хувь нэмрийг оруулж явдаг.
Түүнээс гадна кино урлагийн төлөө зүтгэж яваа найруулагч, оператор, гэрэлтүүлэгч, зураачийн ажлыг өөрөөр нь дамжуулж гаргаж байдгаараа кино жүжигчин хүн онцлогтой болов уу гэж би хувьдаа боддог.
Жүжигчин хүний зовлон жаргалын тухайд?
Урлагийн хүмүүсийн амьдрал, ажилчин албан хаагч, үйлдвэрийн албан хаагчдаас өөр. Наад зах нь хөдөө орон нутаг руу урлагийн бригадаар явах, түүний хажуугаар киноныхоо уран бүтээлд орж явахад жүжигчин хүнд цаг зав маш бага байдаг. Гэр бүлийнхэнтэйгээ хамт байх хугацаа ч бага байдаг.
Бидний үед 45-90 хоногоор ч урлагийн бригадаар явдаг байлаа. Энэ хооронд үр хүүхдэдээ тавих анхаарал, ханьдаа тавих халамж хэсэгтээ орхигддог. Гэсэн хэдий ч сэтгэл зүрхэндээ тэднийгээ бодож, тэднийхээ төлөө ажиллаж, өнөөдөр би ажилласнаар миний ар гэр, үр хүүхэд, хань ижил, ахан дүүс, аав ээж маань хүний дайтай амьдарч, хүү нь ингэж яваа гэдгийг мэдрүүлж байдаг нь урлаг хүний бахархал хийгээд дурсамж болов уу.
Эхнэр маань одоогийн ҮДБЭЧ-д гоцлол хөгжимчин, үндэсний найрал хөгжмийн хөг өгдөг концерт местерээр ажиллаж байлаа. Тиймээс бид хоёр өөр байгууллага учраас ээлжилж урлагийн бригадаар явдаг байсан.
Энэ хооронд хэн гэртээ байгаа нь, үр хүүхэд, аав ээжээ асарч тойлдог байсан. Миний хүүхдүүдийг өдий зэрэгтээ өсгөж хүмүүжүүлэхэд ахмад буурлууд маань нөмөр нөөлөг болж, хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзганд хүргэсэн буурлууддаа үргэлж баярлаж явдаг.
Танд найруулагч ихэвчлэн ямар дүр санал болгодог байв?
Надтай хамтарч ажилласан театрын болон киноны том найруулагчид надад дандаа эерэг талын дүр өгдөг. Тэд чиний дүр төрх эерэг талын амарлингүй дүрд чамд тохирдог учраас энэ дүрийг санал болгож байгаа юм гэж хэлдэг.
30 гаруй жил тайз дэлгэцийн бүтээлд зүтгэж байхад надад эсрэг талын дүр бараг ирээгүй дээ. Харин миний хүсч мөрөөдөж явсан зүйл бол АЖ Б.Дамчаа гуай шиг эсрэг талын дүрд тоглох юмсан гэсэн бодол байдаг. Гэсэн хэдий ч надад эсрэг талын дүрд тоглохыг санал болгосон найруулагч байхгүй.
Яагаад?
Үүнийг бурхан л мэдэх байх. Бодвол найруулагчдын өөрийн сонголт биз дээ. Хүнд өөрийн гэсэн дүрх төрх байдаг. Тиймээс эсрэг талын зан чанар харагдахгүй байна гэдэг талаас ихэвчлэн эерэг талын дүрд тоглуулдаг юм болов уу гэж боддог.
Дүрээ итгэл үнэмшилтэй гаргана гэдэг ухаан бас авьяас байдаг байх?
Миний хувьд найруулагчийн өгсөн дүр бүхэн дээр ажиллаж ирлээ. Чухамдаа дүр маань ямар болсон бэ гэдгийг би өөрөө дүгнэх биш, үзэгчид л дүгнэх ёстой. "Гэрлэж амжаагүй явна" киноны эксваторчин, "Саруул талын ерөөл" киноны Нацагдорж,"Мандухай сэцэн хатан" киноны Баянмөнх жонон зэрэг дүрүүдийг бүтээсэн.
Хөдөө орон нутгаар явж байхад хүүе Жа өвөө явж байна гэдэг. Ингэж жүжигчин хүн бүтээсэн дүрээрээ нэрлэгдэнэ гэдэг хувь тохиол юм. Тиймээс би үзэгч олондоо баярлаж явдаг. Миний хийсэн өчүүхэн хөдөлмөрийг оюун ухаандаа шингээж байдагт бахархалтай санагддаг.
Найруулагч ийм дүрд чамайг тоглуулах гэсэн юм, чи ингэх л хэрэгтэй байна гэсэн саналыг хүлээж аваад театрынхан, удирдаж байгаа хүмуүстээ дуулгаад орлон тоглогчдоо ороод явна гэдэг жүжигчин хүний сайхан чанар байдаг.
Та дүрийнхээ санааг хаанаас баяжуулдаг вэ?
Дүрээ аваад, уншаад бодоод явж байх хугацаандаа дандаа л юмыг ажиглаж явна шүү дээ. Хүмүүс жүжигчдийг хулгайч гэдэг. Хүний эд мөнгө хулгайлж байгаа хүн нэг өөр. Харин уран бүтээлч хүний хулгай гэдэг дүрээ баяжуулахад хүнээс дандаа ажиглалт хийж, энэ зүйлээс аль нь надад хэрэг болохнов гэдэг оюун ухааны халаас юм.
Тэнд нэг тийм зүйл байсан шүү, түүний үйл хөдлөл, харц, хөдөлгөөн энэ хүний дүр дээр яг тохирох юм байна гэж ургуулан бодох оюуны маш их нөөцтэй байх ёстой учраас жүжигчид оюуны хулгайч байдаг. Угтаа жүжигчин хүн хичнээн хармай зузаан байна тэндээс сайхан бүтээл гардаг гэж ахмадууд ярьдаг, багш нар маань ч заадаг.
Түүнээс би өөрийгөө товойлгоод байх юу байхав, бусад уран бүтээлчдийнхээ нэгэн адил уран бүтээлийн судалгаа шинжилгээ хийж явна. Энэ утгаар жүжигчин хүн хүн судлалын лаборторид сууж байдаг учраас тэндээсээ дүрийнхээ баяжилт, өсөлт уналтыг гаргаж авч байгаа юм.
Та "Говийн зэрэглээ" киноны нисгэгчийн дүрд тоглосон. Тэнд тоглож байхдаа онгоц жолоодож сурсан уу?
Техниктэй харьцаж сурахад найруулагч нар тодорхой хэмжээгээр дадлагашуулдаг. Миний хувьд нисэхийн хоёр кинонд тоглосондоо өөрийгөө хувь заяатай хүн гэж боддог.
МИАТ ба нисэхийн киноны хоёр нисгэгчийн дүрд тоглоно гэдэг надад бурхнаас хайрласан тэнгэрээс харж байгаа аав ээж, найз нөхдийн маань зөв энерги. Тэр сайхан энерги надад ирж энэ сайхан бүтээлд орох хувь оногдсон болов уу гэж боддог.
Энэ киноны багийнхнаа эргээд нэг дурсахгүй юу?
Энэ киног хийсэн УГЗ найруулагч Г.Доржсамбуу багшийг монголын инээдмийн киноны эцэг гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. "Морьтой ч болоосой", "Энэ хүүхнүүд үү" зэрэг киногоороо монголын инээдмийн жанрын шанг татсан том хүн байлаа.
Түүнээс гадна Төрийн шагналт, УГЗ Б.Балжинням "Мөнх тэнгэрийн хүчин дор", "Мандухай сэцэн хатан" киног хийсэн. "Говийн зэрэглээ" кинонд говь гэдэг цөл биш, тэнд хүн амьдарч болдог юм, говьд бүхий л сайн сайхан зүйл байдаг юм шүү, та нар говьдоо ирж ажилла, залуучууд хот руу сургуульд яваад очихгүй, говь нутаг нэг хэсэг залуучуудаар ховордож байсан энэ үед "Говийн зэрэглээ" киног хийж үзэгч түмний хүртээл болгосон.
Дараа нь АЖ Г.Хайдав багш дуугаа дуулаад Г.Доржсамбуу багш онгоцноос би бууя гэж орилоод энэ газар шорооноос би явчих юм бол би өөрөө сэтгэлдээ их шархтай үлдэнэ, тийм учраас би эндээс явахгүй гээ хэлдэг. Ингэж хүн төрсөн газартаа байж.эндээ аж амьдралаа зохиож, сайн сайхан амьдрах ёстой юм шүү гэсэн санаа л явж байгаа юм.
Зураг авалтын үеэр тохиолдож байсан хөгжилтэй, сонирхолтой агшин олон байгаа даа?
Зураг авалт ид дундаа явж байхад заримдаа үг гацах эсвэл үг нь орж ирэхгүй, өөр үгээр орлуулан хэлж бөөн инээдэм болох үе бишгүй бий. Бас хамтран тоглож байгаа хүмүүстэйгээ үл ойлголцох юм уу, ингэвэл яана, чи ингэх л байсан шүү дээ гэх мэт хөгжилтэй үе олон байдаг.
Эксваторын дүрд тоглоход манай эксваторын багш Монгол Улсын гавьяат уурхайчин Очир гэж байна. Энэ хүний зааснаар эксвотороо эргүүлэх, шанагаа тавих, шанагаараа хутгах, белазан дээр нүүрсээ асгах, будилах гээд зүйл зөндөө гаралгүй яахав.
1998 онд Сэлэнгэ аймгийн "Сэлэнгийн долгио" чуулгад Соёлын яамны томилолтоор очиж 12 жил найруулагчаар ажиллалаа. Энэ хугацаандаа дэлгэцийн урлагаас жаахан хөндийрсан тал бий.
Тэгээд 2011 онд нийслэлдээ эргэж ирснээр миний шавь нар, хамтран уран бүтээл туурвиж байсан нөхөд маань за Гүрээ минь ирэв үү, энэ уран бүтээлд ингэж орно гэсэн санал тавьсан. Тийм учраас тэдэнтэйгээ эргээд дэлгэцийн урлагтаа ажиллаж байна даа.
Д.Нэргүй

No comments:

Post a Comment