2012-09-02

Г.Жигжидсүрэн: Хүн чанарын тухай өгүүлсэн кино өнөөгийн нийгэмд тун чухал

Ардын, жүжигчин, кино найруулагч, зохиолч Гомбожавын Жигжидсүрэн “Анхны алхам”-аас эхлээд “Суварган цэнхэр уулс”, “Хатанбаатар”, “Бүлээн нурам” зэрэг 30 орчим уран сайхны кино төдий тооны баримтат кино өлгийдсөн агуу гавьяатай нэгэн. Тэрбээр ярилцлага эхлэхийн өмнө “Сүүлийн хэдэн жил ард түмэн маань бүх зүйлийг хүчээр шийддэг цагдаагийн улс болчих гээд байх шиг.
Гэхдээ буруу үйлдэл, хийж, ярьж байгаа дарга нарыг мэдэж байгаа хэрнээ хамгийн аймшигтай нь далд явуулгатай юм. Хэрвээ хэлбэл алуулахаас наана юм болно гэж боддог биз. Үүнд их эмзэглэж байна” хэмээсэн. Энэ үед яриаг нь таслаж “Жийгээ ахаа хоёулаа улс төр ярихгүй шүү" гэхэд “Ярихгүй ээ. Биднээс хол олон хүн ярьж байхад хоёр нь ч гэлээ дутъя” гэснээр бидний яриа өрнөсөн юм. 
Таныг “Ану хатан” кинонд зөвлөх найруулагчаар ажиллаж байгаа гэж сонссон? Сайхан залуучууд цуглаад кино хийж байгаа юм билээ. Кино бол роман, жүжиг биш. Асар их мөнгөөр бүтдэг хатуухан тоглоом. Энд мэргэжлийн баг чухал. Зураач, зураглаач, зургийн дарга гээд энэ кинонд гар бие оролцож байгаа хүмүүс бүгдээрээ Кино үйлдвэрийн бүтээгдэхүүн. Тийм болохоор гайгүй бүтээл болно гэж бодож байгаа. Манай Д.Ангараг сайн оператор. Би “Дэв” уран сайхны кинонд зөвлөх найруулагчаар ажиллахдаа түүнтэй танилцсан юм.

Эдгээр залуусын арга барил таны үеийнхээс өөр байна уу?
Өөр өөр. Төрийн шагналт Б.Балжинням бидний кино хийж байсан арга барил өнөөдөр хоцрогдсон. Техник нь ч өөр болсон. Бусад урлаг олон мянган жилийн түүхтэй байхад кино 100 гаруйхан жилийн түүхтэй хэрнээ яагаад түрүү магнайд давхиад байна вэ гэдэг нь шинжлэх ухааны дэвшилтэд тулгуурласандаа байгаа юм.

Таны онцлог юу вэ?
Миний уран бүтээлдээ барьж явдаг нэг гол зарчим бол өмнө нь хийсэн киноныхоо арга барилыг дараагийнхад нь өчүүхэн ч давтахгүйг хичээдэг. Тэглээ ч ад үзэгдэж, магтуулж, ойлгогдохгүй байна гэсэн үгэн дундуур туучиж явсан. Жишээ нь “Бүлээн нурам”, “Амин мөр” зэрэг киноны өнгө төрх тэр нь тэгчихэж дээ гэж хэлүүлэхээргүй өөр болсон. Тухайн үед “Бүлээн нурам”-ыг хийхэд намайг киноныхон “Ард түмнээ доромжиллоо” гэж шүүмжилж байсан. Гэтэл тэр кино надад Ази, Номхон далайн орнуудын их наадмаас ”Шилдэг найруулагч”-ийн шагнал авчирсан. Киног минь үзсэн гадныхан магтаж ийм сонин кино олон уу гэж гайхаж, "Таны кинонд Библийн сюжет байна шүү дээ” гэж хэлсэн.

Нээрээ Библийн сюжет байсан юм уу?
Би киноныхоо үйл явдлыг он цаггүй домог гэж бодож хийсэн юм. Африк, АНУ, Орост ч байж болно.

Энэ киноны хувцас тухайн үедээ их шинэлэг болсон гэдэг юм билээ?
Хувцасны хувьд ч ярих юмгүй. Нимгэн торгомсог хувцас өмссөн бүсгүйчүүдийнх нь хөхний товч гэрэлтээд тухайн үед яах аргагүй өөр санагдуулсан л даа. Ардын зураач Л.Гаваа гуайн санаа. Тэр үед Л.Гаваа гуай 70 гаруй настай байсан. Зургийг нь Архангайн Тариатад авсан. Л.Гаваа гуай хотоос аймгийн төв хүртэл онгоцоор яваад тэндээсээ машин хөлслөөд зураг авч байгаа газар луу ирэх гэтэл жолооч нь замдаа айл хэсч, архи уугаад явдаггүй гээд “Беларусь” трактороор ирж билээ.

Гол дүрд тоглосон О.Энхтуул танд загнуулснаа ярьдаг юм?
Эхээс төрсөн биеэрээ жүжиглэх ёстой байтал О.Энхтуул “Багшаа би хөх дэлэнгээ гаргаж тогломооргүй байна” гээд. Би ч санаснаараа зүтгээд “Мэргэжлийн жүжигчин болчихоод битгий маяглаад бай. Тоглохгүй гэвэл дипломоо өгөөд яв” гэсэн. Яг үнэндаэ хэцүү байсан байх л даа. Гэхдээ сайн тоглосон.

Тайз дэлгэцийн бүтээл найруулагчаар овоглодог нь ямар учиртай юм бэ. Зохиолчийг нь нэг их ярьдаггүй?
Киног хамтын бүтээл гэдэг ч би тэгж хэлэх дургүй. Киноны амин сүнсийг найруулагч атгадаг болохоор тэр. Тэгээд ч дэлхий нийтээрээ ингэж нэрлэж байна. Хэрвээ та надаас “Киноны найруулга гэж юу вэ” гэж асуувал “Үзэл бодлын илэрхийлэл” гэж хариулна. Яагаад гэвэл би хэн нэгний зохиолоор кино бүтээж байгаа ч өөрийнхөө л бодлыг илэрхийлдэг. Өөр найруулагч тэр зохиолоор кино хийвэл бас л өөрийнхөөрөө шийднэ шүү дээ.

Сүүлийн үеийн кино муу болж байна гээд байгаа нь юундаа байна вэ?
Хамгийн гол нь мэргэжлийн судлал, шүүмж сох дутаж байна. Хааяа киноны шүүмж уншихаар зөвхөн үзэгчдийн сэтгэгдэл тусгагдсан байдаг. Зарим нь ч захиалга өгөөд бичүүлдэг юм гэсэн л дээ. Мөнгөтэй холбоотой болохоор тэгдэг биз. Тааруухан киногоо хүн татахын тулд олны танил хүнээр “Сайн кино болж. Үзэгч та бүхэн сонирхоорой” гээд яриулдаг аргатай болсон байна билээ. Гэхдээ өнгөрсөн жил манай кино урлаг ургац арвинтай байсан шүү. “Бурхан өршөө”, “Бодлын хулгайч” гээд давгүй бүтээл олон төрсөн.

Давгүй бүтээлийн тоонд “Аравт” багтаж байгаа юу?
Би үзээгүй болохоор хэлж мэдэхгүй юм. Гэхдээ үзсэн хүмүүс “Зохиол, найруулга муутай ч хувцас, жүжиглэлт сайн юм” гэж хэлэхийг сонссон.

Та жил гаруйн өмнө “Монголын кино урлаг үхэх сэхэхийн зааг дээр байна” гэж байсан. Харин одоо тэр санаа тань өөрчлөгдөө юу даа?
Манай улсын кино урлаг үзэл суртлын баглаанаас гараад 20-иод жил боллоо. Гэхдээ бид тийм их баглаад байсан хэрнээ олон улсын кино фестивалиас олон шагнал хүртсэн. Харин сүүлийн 20 жил олон улсын наадмаас шагнал авсан кино байна уу. Тэгэхээр тэгж хэлэхээс яах вэ. Үүнд продюсер маш чухал. Гэхдээ яваандаа төрнө л дөө. Гэнэт төрчихдөг юм биш.

Саяхан нэг жүжигчинтэй ярилцахад “Сүүлийн үеийн найруулагчид жүжигчиндээ зохиолоо эрт өгөөгүй хэрнээ санхүүгээ олсон өдөртөө шахуу зураг авалтад орох гэх юм” гэж байсан. Ийм байж болох уу?
Мөнгөнийхөө эргэлтийг хийхийн тулд тийм арга сүвэгчилж байгаа хүн бий. Бушуу туулай борвиндоо баастай гэдэг чинь тэр шүү дээ. Та яг зөв хэлсэн хүнтэй уулзсан байна. Зарим жүжигчдэд нь унших, бодох зав ч гарахгүй байгаа. Энэ бас кино урлагийн нэр хүндийг унагаах болсон шалтгааны нэг.

Бас нэг асуудал байна. Дээр үеийн хит болж байсан киноны үргэлжлэл болгож хийгээд байгаа нь хэр зөв юм бэ?
Сүүлийн үед киног урлаг гэхээс мөнгө олох хэрэгсэл болгочихож. Гэхдээ би үүнийг буруу зүйл гэж хэлэхгүй. 10 төгрөг зарсан хүн мэдээж 20 болгохыг бодно шүү дээ. Барууны кино ер нь үргэлжлэл ихтэй. Учир нь нэлээд хэдэн жилийн өмнө тоглосон одуудаа үзэгчид нь дараагийн киногоор “Хэр их өтөлсөн байна. Тэр ангидаа дарга болсон, одоо яасан бол” гэж хүлээдэг аж. Манай улсын хувьд дараагийн анги нь эхнийхийгээ гүйцдэггүй. Надад “Анхны алхам”, “Хүний амь”, “Суварган цэнхэр уулс”-ын хоёрдугаар ангийг хийгээч гэсэн захиа олон ирсэн. Би хүсээгүй.

Яагаад?
Гүйцэхгүй л гэж бодоод байгаа.

Танд тийм л нэг зохиолоор кино хийх юмсан гэсэн хүсэл байдаг уу?
Зохиолч Д.Цэнджавын “Хөх жавар” туужаар кино хийе гэж олон жил бодож байгаа. Материалын хувьд ч сонин. Хүн чанарын тухай өгүүлсэн кино өнөөгийн нийгэмд тун чухал.

Чингис хааны тухай олон кино гарсан. Гэхдээ тэр хүний байлдааны урлаг, дайчин төрхийг нь л илтгэхээс биш дотоод мөн чанарыг нь гаргахгүй юм. Танд тэгж санагддаг уу?
Би “Чингисийн дүр дэлхийн кино урлагт” гэж судлалын өгүүлэл бичсэн. Яг үнэндээ одоогоор Өвөр Монголын “Чингис хаан”-ыг гүйцэх бүтээл алга. Надад Жамухын тухай “Усан дээрх гал” нэртэй тууж бий. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн редакторласан юм. Жамух гэхээр Тэмүүжин гэдэг нэр залгаад ороод ирж байгаа биз дээ. Үйл явдал нь гурван хоногийн дотор өрнөнө. Сюжетийн хувьд чөлөөтэй, их сонин сэдэлтэй кино болно.

Та хадгалж байхын оронд юм болговол яасан юм бэ?
Би муу продюсер. Сайн групптэйгээс цаашгүй. Надад хүнээс мөнгө гуйгаад явах авьяас байхгүй. Санаа нийлсэн нэгэн таарахгүй бол бор авдарт минь байж л байг. Тэгээд ч нас явж байна даа.

Таны анхны кино “Анхны алхам”. Нэр нь ч хүртэл анхны. Энэ кино хэрхэн бүтсэн юм бэ?
Энэ чинь миний дипломын ажил л даа. Зөвлөлтөд сурч уран сайхны болон телевизийн кино найруулагчаар 1967 онд төгссөн юм. Дээр нь кино зохиолч мэргэжилтэй.

Хос мэргэжилтэй гэсэн үг үү?
Тийм. Бүх Оросын кино урлагийн дээд сургуулийн найруулагчийн анги төгсөхөд гурван жилийн хугацаанд диплом хамгаалах кино хийлгэдэг юм. Би 1932 оны эсэргүү бослогын сэдвээр “Эрт ниссэн бүргэд” нэртэй зохиол бичиж, дипломоо хамгаалах гэсэн юм. Гэтэл тэр лөөлөө болов.  Харин баримтат киноны найруулагчаар авсан. Тэндээс би маш их зүйл сурсан. Тэр үед төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамба багш надад “Чи Чеховын нэг өгүүллэгийнх нь санаагаар кино хий” гэсэн юм. Ингээд хэд хэдэн өгүүллэгийг нь уншсаны дараа баримтат киноны зохиолч Ч.Гомбо таарав. Би дипломынхоо тухай ярьтал “Надад нэг зохиол байна” гээд “Өвөлжих хун” нэртэй зохиолын нооргийг үзүүлдэг юм байна. Ингээд л энэ кино бүтэх замдаа орсон.

Нэрийг нь та сольсон юм уу?
“Өвөлжих хун” гэж юу гэсэн үг юм бэ нэрийг нь соль гээд Соёлын яамнаас үүрэг болгосон юм.

Та 30 орчим уран сайхны болон баримтат кино хийсэн. Шантарч байв уу?
Байсан. Хамгийн их шантарч нойргүй хонуулах шахдаг зүйл тэр үеийн Кино үйлдвэр, Соёлын яамны уран сайхны зөвлөл, Намын Төв хорооны Үзэл суртлын хэлтэс зэрэг дамжлагууд.

Таныг залууд жүжигчин сонгох хэр хүндрэлтэй байв?
Миний ихэнх киноны зохиол тухайн жүжигчиндээ зориулагдсан байдаг. Тэгэхээр жүжигчдээ сонгоход нэг их хүндрэл байгаагүй.

Ер нь таныг кино урлагт юу татсан юм бэ. Тэр тусмаа Төв аймагт малчны гэрт төрсөн хүний хувьд сонирхолтой санагдаж байна л даа?
Утга зохиолоор дамжиж орсон. Малчны гэрт төрсөн ч найман сартайдаа хотод шилжиж ирсэн юм шүү дээ. Тэгэхээр бараг хотын хүүхэд байгаа биз дээ. Ээж надаас өмнө нэг хүүхэд төрүүлэх гэж байсан юм билээ. Жирэмсэн байхдаа мориноос унаад дутуу гаргачихсан юм гэдэг. Тэгээд намайг хөдөө өвөөгийнд төрүүлээд найман сартайд хотод авчирсан хэрэг.

Аав ээж тань юу хийдэг байсан юм бэ?
Аль аль нь эдийн засагч мэргэжилтэй. Худалдааны яаманд хэлтсийн даргаар ажиллаж байгаад МОНЦАМЭ гэж байхад ерөнхий нягтлан бодогчоор 20 гаруй жил ажилласан.

Та ах дүү олуул уу?
Байхгүй. Намайг хүн болгосон хүн нь эмээ. Би Сүхбаатарын цэцэрлэгт ч явж байлаа. Өвөөгийнхөө талаар бүүр түүрхэн санадаг юм. Залуудаа даншгийн начин цолтой, том биетэй хүн байсан.

Утта зохиолоор дамжсан гэхээр шүлэг оролддог байсан биз?
Эрх ишигний тухай анхны шүлгээ "Пионерийн үнэн” сонинд хэвлүүлж байлаа. Дунд ангид байхад М.Чимэд багш утга зохиолын дугуйлангийн эрхлэгч байлаа. Улаан зангиа зүүсэн миний үеийн олон хүүхдийн шүлэг, өгүүллэгийг засч радиогоор уншуулдаг байсан. Миний ч олон шүлэг, өгүүллэг уншигдсан. Ингээд аравдугаар ангиа төгсөөд Москвагийн Утга эохиолын дээд сургуульд явах гэтэл хуваарь ирээгүй. Гэтэл Ч.Лодойдамба багш “Чи Кино үйлдвэрт нэг жил ажилла. Тэгж байтал арга нь олдоно” гэснээр хоёр жилийн дараа кино найруулагчийн ангид хойш нь явуулсан.

Та хэд хэдэн кинонд тоглосон байх аа?
“Анхны алхам”-ын зураг авалтыг Булганд хийсэн юм. Хотоос тэр хүртэл жүжигчин дуудна гэдэг хэцүү биз дээ. Тэр үед миний хоёрдугаар найруулагчаар Б.Жамсран ажилласан юм. Намайг “Өөрөө тоглочихгүй юу” гэхээр нь сурвалжлагч болж үзсэн. Ер нь Кино урлагийн дээд сургуулийн программд дөрвөн жил найруулагчийн хичээл орохын зэрэгцээ жүжигчний ур чадварын хичээл ордог байсан юм. ЗХУ-ын ардын жүжигчин Б.Белокуров, Т.Макарово нараар хичээл заалгасан хүн шүү дээ, би.

Урлагаас гадна юунд дурладаг байв?
Сагсан бөмбөг тоглодог байсан. Манай хүүхдүүд одоо шоолоод байдаг болохоос биш. Тэшүүрээр бас муугүй. Хөлбөмбөг ч их хөөдөг байсан.

Гэр бүлийн тань хүнийг Д.Цэцгээ гэдэг. Миний хувьд нэрнээс цаашгүй. Ямар мэргэжилтэй вэ?
Гэр бүлийг минь авч яваа хүн дээ. Мэргэжил нь эрчим хүчний инженер. 1990 оны үед Кино үйлдвэр хүүхдийн хэлээр “будаа болж” бүгд нэг нэг тамга барьж кино хийдэг болох үед би ажлаас нь гаргаад зургийн дарга болгочихсон. Одоо ч хэвээрээ. Миний зарц шиг л явна. Би хааяа хөгшнийхөө үйлийг үзэж байна уу даа гэж боддог.

Та хоёр хэдэн онд гэр бүл болсон юм бэ?
1971 онд. Би хойно төгсч ирээд танилцсан юм. Сонин тохиолдлоор танилцаж билээ. Д.Цэцгээгийн өвөө Лувсанням гэж буриад хүн байсан юм. Хадам талынхан маань Оросын Хиагт, Галуут нуур, Улаан-Үдэд байдаг. Кино үйлдвэрийнхэн 1935 онд өвөөгөөр нь Оросын мэргэжилтнүүдэд орчуулагч хийлгэдэг байж. Тэр үед кино операторууд “Чи оператор бол” гэхэд нь “Үгүй кино механикч болно” гэсэн гэдэг. Тэгээд манай улсын анхны кино механикчдын нэг шүү дээ. Түүнээс хойш Д.Цэцгээ ч гарч, багаасаа өвөөгөө дагаж хаана л кино үзүүлнэ, тэнд нь явна. Хааяа хүлээлгийн өрөөнд унтдаг байсан гэсэн. Тэр үед өвөө нь Д.Цэцгээг оператор болгоно гэж ярьдаг байсан гэдэг. Сонин байгаа биз. Тэгэхээр эхнэртэйгээ танилцсан түүх өвөөгөөр нь дамжсан гэсэн үг шүү дээ.

Танайх гурван хүүтэй гэл үү?
Гурван хүүгийн том нь Бодьсүрэн. Оператор мэргэжилтэй. Одоо найзуудтайгаа хувиараа бизнес хийж байгаа. Уг нь муугүй зураглаач. Гэрэл тавихдаа гарамгай. Хоёр бага нь ихэр Бодьбаатар, Батбаатар гэдэг. Нэг нь БСШУЯ-нд ажилладаг. Нөгөө нь ШУТИС-ийг төгсөөд таван жил багшилсан. Одоо Вашингтоны их сургуулийн докторантурт сансрын геологичоор сурч байгаа.
Zindaa.mn

No comments:

Post a Comment