2012-09-02

Э.Амаржаргал: Эсрэг ч гэлээ, би тоглосон дүрүүдээ өмөөрнө

Нэгэн үе үзэгчдийг байлдан дагуулж байсан “Тусгай салаа” олон ангит киноны Анужин гэх бүсгүйн дүрээр тэр хэдийнээ олонд танигджээ. Дэлхийд алдартай миссийн тэмцээнд амжилттай оролцож байсан Э.Амаржаргал хамгийн сүүлд Ален Арманы зохиол, “N” энтертайнмент студийн бүтээл болох “Ялагдашгүй” олон ангит киноны Аслис гэдэг бүсгүйн дүрд тогложээ.

“Ялагдашгүй” киноны Аслис болон  “Тусгай салаа” киноны Анужин нар эсрэг талын дүр. Найруулагчид яагаад чамд ийм дүр өгдөг юм бол, энэ тухай бодож байв уу?
Би заавал өөрийнхөө хүсэл сонирхол, зан араншинд тохирсон дүрд тоглох албагүй. Найруулагчийн өгсөн дүр надад таалагдвал ямар ч байсан хамаагүй шүү дээ. Тэгээд ч жүжигчин хүн янз бүрийн л дүрд хувирдаг. Хэдийгээр би мэргэжлийн жүжигчин биш ч гэлээ, найруулагчийн өгсөн дүрийг голох эрхгүй. Анх би “Тусгай салаа” олон ангит кинонд тоглох хүсэлтэй, мэргэжлийн болон мэргэжлийн бус хүүхдүүдийг шалгаж авна” гэсэн зарын дагуу очиж шалгуулсан юм. Тэгээд сар гаруйн хугацаанд шалгаруулалтад оролцсоны дараа уг кинонд тоглож байлаа. Харин энэ удаагийн кинонд найруулагч маань надад санал тавьсан учраас тоглосон юм.

Эсрэг талын дүрд ч гэсэн сайн чанар бий. Тоглосон дүрүүдээ өмөөрөх гэвэл юу хэлэх вэ?
Байлгүй яахав. Хүмүүс миний тоглосон дүрүүдийг “Тийм, ийм. Тэр нь муухай” гэж ярьдаг л юм. Үнэндээ тухайн дүрд заавал нэг сайн чанар байдаг шүү дээ. Анужин, Аслис хоёр бол зорьсон зүйлийнхээ төлөө тууштай хандаж чаддаг дайчин бүсгүйчүүд. Их гоё чанар шүү. Ер нь би амьдралд тууштай, зорилготой хүмүүс ямар ч бэрхшээлийн өмнө өвдөг сөхрөхгүй, тэмцэгч зан чанартай байдаг байх гэж боддог юм. Тиймээс би тоглосон дүрүүдээ өмөөрнө. Өөртөө итгэлтэй, зорьсондоо тууштай, дайчин эмэгтэйчүүд надад лав гоё санагддаг.

Магадгүй, Амраагийн дотоод ертөнцтэй ч ойр байж мэдэх юм?
Тийм ээ, зарим талаараа миний зан чанартай төстэй. Би ч бас ямар нэгэн зүйлд шантрах  дургүй. Яахав, хүний амьдралд янз бүрийн саад бэрхшээл тулгарна. Гэхдээ боломж үргэлж нээлттэй байдаг гэдгийг мартаж болохгүй. “Нэг хаалга хаагдахад, нөгөө хаалга нь онгойдог” гэж ярьдаг шүү дээ, хүмүүс. Яг л түүн шиг бодож, амьдралынхаа төлөө тэмцэх хэрэгтэй.

Зарим үед тоглосон дүрээр чинь хүлээж авах юмуу санал сэтгэгдлээ хэлэх хүмүүс таардаг биз?
Өө, бүр зөндөө таардаг шүү. Гадуур явж байхад “Нөгөө нэг муухай охин чинь явж байна” гэх ч юмуу үе тэнгийн залуус хоорондоо “Сүлдийн араас гүйдэг охин байна шүү дээ. Сүлдээ чамайг хэзээ ч тоохгүй” гээд л хашгирна. Зарим нь бүр “Хүүе, шулам аа” гээд элдэв янзаар дууддаг л юм. Үүнд нэг их бухимдаад байх ч юу байхав. Тэд нар намайг хувь хүн талаасаа хэн бэ гэдгийг мэдэхгүй. Зөвхөн тоглосон киноны минь дүрээр хүлээж авсан болохоор би нэг их эмзэглэдгүй юм. Иймэрхүү тохиолдолд инээгээд л өнгөрнө шүү.

Мэргэжлийн талаас нь яривал, туршлага дутах зүйл бишгүй л гарна. Цаашид энэ чиглэлээр суралцах уу?
Жүжигчний мэргэжил тийм ч амар биш. Мундаг жүжигчид хүртэл энэ тухай их олон зүйл хэлдэг нь үнэн. Тиймээс би хэзээ ч өөрийгөө “Дүр бүтээсэн” гэж хэлэхгүй ээ. Яагаад гэвэл, дүр бүтээнэ гэдэг чинь маш агуу юм байхгүй юу. Энэ тал дээр сурах юм их бий. Одоогоор би залуу байна, хийж бүтээх зүйл ч их. Хэрэв гоё киноны санал ирвэл тоглоно оо. Энэ жил би МУИС-ийг хэл судлаач-орчуулагч мэргэжлээр төгссөн. Цаашид өөр мэргэжлээр үргэлжлүүлж суралцах төлөвлөгөө бий. Надад жүжигчний мэргэжлээр суралцаач гэж хэлэх хүн олон таардаг. Би энэ талаар бодож үзсэн л дээ. Гэхдээ яг жүжигчний мэргэжлийг сонгохгүй байх, огт өөр мэргэжлээр сурч мэднэ.

Кинонд тоглохоос гадна олон улсын миссийн тэмцээнд хүртэл оролцож байсан гэхээр нэлээд идэвхтэй нэгэн байх нь. Загвар өмсдөг үү?
Би загвар өмсөгч биш ээ. “Miss Mongolia-2009” тэмцээнд оролцоод шагналт байранд орж байсан. 2010 онд “Тусгай салаа” кинонд тоглож байх үед “Шилмэл загвар” компанийн захирал Ц.Оюунцэцэг эгч олон улсын миссийн тэмцээнд оролцох санал тавьсан юм. Тэгээд уг тэмцээнд оролцож “Мисс авьяас” өргөмжлөл авсан даа. Түүний дараа олон улсын тэмцээнд оролцох хоёр ч санал ирсэн. Тухайлбал, өнгөрсөн жил “World bikini model-2011” тэмцээний санал ирсэн ч “SBN” телевизийн “Гэр” олон ангит кинонд туслах дүр бүтээж байсан учраас оролцож чадаагүй. Киноны зураг авалт хэдийнэ эхэлсэн болохоор тэрийгээ хаяад явж болохгүй. Хажуугаар нь бас бус олон ажил зохицуулах хэрэгтэй. Харин миний оронд энэ тэмцээнд оролцохоор явсан загвар өмсөгч Ө.Буянхишиг Гран при шагналыг нь аваад ирсэн байна лээ. Хэдийгээр би оролцож амжаагүй ч гэлээ, түүнийг ийм том амжилт гаргасанд нь маш их баярлаж байсан. Түүнээс хойш миссийн тэмцээний санал ирсэн ч яваагүй ээ.

Тэгэхээр ахиж тэмцээн уралдаанд оролцохгүй хэрэг үү?
Олон улсын миссийн тэмцээнд оролцох шалгаруулалтад тодорхой хэмжээгээр нас заасан байдаг юм. Тиймээс боломж дагуулсан сайхан санал ирвэл оролцох байх. Харин 25 нас хүрчихээд миссийн тэмцээнд орно гэвэл бүтэхгүй биз.

Фото чиглэлээр ажиллах бодол байдаг уу. Цаашдынхаа ирээдүйг хэр зэрэг төлөвлөсөн бол?
Байгаа. Киноныхоо хүрээнд гоё зураг авахуулах тухай бодож л байна. Нэг сэтгүүлийн нүүрэнд нүцгэн зургаа авахуулах санал ирсэн ч би татгалзсан. Яахав, залуу сайхан байгаа дээрээ иймэрхүү зураг авахуулах нь зүгээр санагддаг. Гэхдээ түүнийгээ олон нийтэд дэлгэх эвгүй л дээ, миний хувьд. Би нэгдүгээр хорооллын “Ирээдүй” цогцолбор сургуулийг төгссөн. Дуулж, бүжиглэх авьяастай гэх нь хаашаа юм бэ. Урлагийн үзлэг, арга хэмжээнд багаасаа л оролцдог, нийгмийн идэвхтэй хүүхэд байлаа. Ангийнхан маань хааяа уулзахаараа “Миний найз сайн байна, зөндөө олон юм хийж бүтээгээрэй” гэж урам өгдөг. “Хүн юу бодно, түүнийгээ авна” гэдэг дээ. Амьдралын минь бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байна. Зөв бодолтой явж, төлөвлөсөн зүйлээ хийж бүтээж чадна гэж зүтгэвэл амжилт гаргана шүү дээ. Үргэлж л болж бүтэхгүй зүйл бодоод байвал ажил яаж урагшлах юм бэ. Тиймээс би ирээдүйнхээ амьдралыг аль болох сайн сайхнаар төсөөлж бодох дуртай. Олон улсын тэмцээнд оролцож байхад чамгүй зүйл харж, суралцдаг. Зөвхөн гадаад, монгол ч гэлтгүй. Адилхан л сайнтай, муутай байдаг шүү дээ. Манай охид залууст гадаадынхнаас илүү ч юм бий, бас дутуу ч юм бий. Ойр зуурын юм хийж чадахгүй байгаа бэлэнчлэх сэтгэлгээтэй гадаад охидыг харахаар зарим үед гайхдаг. Бас хажууд нь монгол залуусаараа бахархдаг шүү, би.

Гэхдээ хэт их чөлөөт үзэл давамгайлсан энэ нийгэмд шүүмжлэлтэй хандах зүйл ч бишгүй байгаа байх?
Тийм ээ, би бас боддог л юм. Ялангуяа гэр бүл салж сарних асуудал их гарах болж. Хүн бүрийн амьдрал харилцан адилгүй байдаг байх. Түүнийг заавал ийм байх ёстой гэж ангилж үзэх нь утгагүй. Гэр бүлийн амьдрал гэдэг чинь үр хүүхэд, бүр цаашлаад маш том ертөнц шүү дээ. Тэгэхээр гэр бүлийн амьдрал зохиох тал дээр сайтар бодож, хариуцлагатай хандах хэрэгтэй гэж боддог. Хэтэрхий их сэтгэлийн хөөрлөөр суучихаад хэсэг хугацааны дараа салж сарних нь хүүхэд өнчрүүлэхээс эхлээд маш их хор уршигтай. Миний хувьд гэр бүл минь хамгаас үнэ цэнэтэй учир  бүхний түрүүнд тавина. Эмэгтэй хүний хувьд ч тэр, гэр бүлийн амьдрал зохиох нас ойртсон учраас сүүлийн үед энэ талаар их бодох болсон.

Найз залуутай юу. Эрчүүдэд ямар шаардлага тавьдаг вэ?
Байхгүй ээ. Гэхдээ танилцья, үерхэе гэсэн залуус байдаг л даа. Эмэгтэй хүнийг маш сайн хүндэлдэг, амьдралын ухаантай эрчүүд таалагддаг. Амьдралыг ямар өнцгөөс, ямар өнгөөр харж байна. Амьдралаа яаж авч явж, ямар ухаан зарцуулж байна гэх ч юмуу эр хүний ноён нуруу, сайн сайхан чанарыг нь олж харахыг хичээдэг. Хэрэв сэтгэлд минь хүрэхгүй бол “Уучлаарай, чи надад таалагдахгүй байна” гээд шулуухан хэлчихдэг. Яах гээд байгаа нь ч мэдэгдэхгүй яваад байвал тэр хүнд улам хэцүү байх болно. Анхнаасаа надад таалагдахгүй байгаа юм чинь заавал тэр хүнтэй уулзаж, болзоод явах утгагүй шүү дээ. Тийм цаг зав ч бараг гарахгүй биз.

Бүдүүлэг гэмээр үйлдэлд хариуг нь шууд өгдөг биз. Нэлээд эршүүд талдаа гэж тодорхойлмоор ч юм шиг?
Би айлын ганц хүүхэд. Гэхдээ эрх биш, хар багаасаа л биеэ даасан. Аав ээж маань намайг огт өөрөөр хүмүүжүүлж, аль болох биеэ даахыг сургасан. Тийм учраас би эршүүд гэхээсээ илүү нэлээд шийдэмгий байж мэднэ. Бүдүүлэг гэмээр залуустай цөөнгүй таарч байсан, гэхдээ нэг их олон биш ээ. Тиймэрхүү хүмүүстэй яг адилхан бүдүүлэг харилцах нь утгагүй асуудал. Тухайн нөхцөл байдалд нь тохируулаад товч бөгөөд тодорхой хариулт өгч, өөрийгөө “аваад” л гарна даа. Олны танил боллоо гээд юу ч өөрчлөгдөхгүй. Ямар ч үед нэг л зангаараа, өөрөө өөрийнхөө байх нь чухал гэж би боддог юм. Муухай ааштай ч байсан хамаагүй, өөрийнхөөрөө байж чадна гэдэг гоё. “Сайхны өмнө харц буруугүй” гэдэг яриа бий. Сайхан охидыг хараад эрчүүд татагдах нь мэдээж биз. Харин ямар хариу үйлдэл үзүүлэхээс бусад асуудал хамаарах байх. Залуучууд эргүүлсэн ч гэлээ, охид өөрсдөө налж унаад байвал ямар ч үнэ цэнэгүй болчихно шүү дээ. Мянган сайхан санал ирлээ ч, өөрсдийн үнэ цэнийг хадгалж чадвал эрчүүд яаж ч чадахгүй. Энэ нь хувь хүний хүмүүжил, үзэл бодлоос их хамаарах байх л даа.

Гоо сайхны мэс заслыг дэмждэг үү. Хэрэв боломж гарвал яах бол?
Дэмжээд байх нь хаашаа юм, гэхдээ бас үгүйсгэхгүй. Сайхан харагдахыг эмэгтэй хүн бүр л хүснэ. Үнэхээр хийлгэмээр санагдвал буруутгаад яахав дээ. Сүүлд нь гарах үр дагаврыг сайн тооцож, хийлгэх нь л чухал байх. Миний хувьд, байгаа бүхэндээ сэтгэл хангалуун явдаг. Тиймээс мэс засал хийлгэе гэж огт боддоггүй. Дунд сургуульд байхдаа аэробекээр хичээллэж, багаараа тэмцээнд шалгарч байсан удаатай. Одоо фитнессээр хичээллэж байгаа, удахгүй усан бассейнд явна аа. Энэ маягаар л гоо сайхандаа анхаардаг юм.

Тоглохыг  хүсдэг дүр бий юу. Клипэнд тоглож байсан билүү?
Адал явдалтай ч юмуу түүхэн кинонд тоглохыг хүсдэг. Тагнуулч, эсвэл түүхэн хүний дүрд тоглох гоё шүү дээ. Кино бараг миний хобби болчихож. Чөлөөт цагаараа би ном унших дуртай. Одоо “Ногоон нүдэн лам”-ыг уншиж байна. Клипний тухайд гэвэл, “Тусгай салаа” киноны Сүлд буюу жүжигчин Алтанхуяг ахын дуулсан “Цасан гудамж” дууны клипэнд тоглож байсан.

Багадаа ямар хочтой байсныг чинь сонирхож болох уу?
Бага байхад янз бүрээр л дуудуулна шүү дээ. Гэхдээ нэг их айхтар хоч зүүсэн юм алга. Гурав билүү, дөрөвдүгээр ангид байхад юмдаг. Ангийн маань нэг сахилгагүй хүү намайг “Бүлтүүш” гэж дуудаж байсныг ер мартдаггүй. Тэрнээс өөр хоч сонсоогүй шүү, би./инээв/

No comments:

Post a Comment