2012-08-14

Киноны Хишгээ ах


Хишгээ ахыг бид эртнээс мэдэх юм. Түргэн, хөнгөн хөдөлгөөн, хэлэх ярих нь хурдан, сонсгол муутай хүн хэлсэн үгийг нь сонсохгүй өнгөрч мэднэ. Насныхаа намрыг хүртэл амьдралаа кино урлагт зориулж яваа нэгэн.

Тэрээр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт 1946 онд төрсөн. Эцэг эхээс олуул, жирийн нэгэн амьдралыг туулсан хүн. Аав Чойжамц нь аймгийн шүүх, сум нэгдлийн даргын албыг хашиж байсан тэр үедээ л томоохон сэхээтэн байж. Харин сүүлд хөдөө гарч мал малласан гэдэг. Энэ тухай Ж.Хишгээ ах ярихдаа намайг бага ангийн сурагч байхад нэгэн орой аав орж ирээд "хөдөө гаръя даа, муу дарга байснаас сайн малчин байсан нь дээр, би чинь адуучин хүний хүүхэд, малын захад өссөн хүн, та нар ч түрүүчээсээ өсөж өндийлөө" гэж боловсронгуй хэлсэн. Төдөлгүй сум нэгдлийнхээ даргын албыг өгч, төрөлх нутгийнхаа буурал хангай говьд хэдэн азарга адуу авч адуучин болсон түүхтэй.

Чухам яагаад тийм огцом эргэлт хийх болсныг би ерөөсөө ааваасаа асууж байгаагүй. Ер нь бодож ч байгаагүй шүү. Уул нь тэр үед хүмүүс малаас дайжиж, дарга цэрэг болох сонирхол давамгайлж байсан үе л дээ. Сүүлд улс даяар алдар цуу нь түгэж байсан, Хөдөлмөрийн баатар малчин З.Очир гуай аавтай минь сайн яривал ах дүү, сайрхан хэлбэл андууд байсан нь холбоотой байх. Эднийхэн удмаараа малч, ажилч хичээнгүйгээрээ нутаг орондоо гайхагдсан хүмүүс байлаа шүү дээ. Ингээд аав минь нэгдлийн адуучин байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан хэмээн аавыгаа дурссан юм.

Ж.Хишгээ ах айлын хоёр дахь хүүхэд. Түүнийг ээж нь төрүүлээд удалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн аж. Балчир бага түүнийг хамгийн том ах Ноовын хамт өвөө эмээ нь өөр дээрээ авч хөдөөгийн хүүхдийн нэгэн адил өсгөжээ.

Жагд өвөө намайг өсөж хүмүүжихэд мөн ч их нөмөр нөөлөг болсон хүн дээ. Тэгээд би өвөөгөөрөө овоглон Жагд овогтой болсон юм гэлээ.

Түүнийг 1962 онд Булган аймгийн арван жил төгсөх жил өвөө нь өөд болж, мөн аавынх нь бие чилээрхсэн учир хөдөө гарч Хишиг-Өндөр хайрхныхаа өврөөр урсах Хужиртынхаа голыг өгсөж уруудан мал маллан гурван жилийг өнгөрөөжээ. Нэг сонин нь Ж.Хишгээ ах сургуульд орох жилээ аавыгаа дагаж "Цогт тайж" киног анх удаа үзэж уйлж бас айж байсан нь санаанаас ер гардаггүй гэнэ. Түүнээс хойш сүүдэр шийнээс салахаа больж. Тэр үед сумын төвд кино маш ховор гарна. Долоо хоногт нэг удаа шуудан ирэхэд ямар кино ирснийг сумын төвийнхөн тэр дороо л мэдчихсэн байдаг. Сумын баруун хөтөл даван шуудангийн машин тоос татуулан ирэх бараанаар Ж.Хишгээ ах клуб дээр хэдийнээ оччихсон хайрцаг савтай хальсыг буулгах нь түүний хийх дуртай ажлын нэг байв.

Ийнхүү сумандаа мал маллаж, ажин түжин амьдарч байгаад 1965 онд Улаанбаатар хотноо цэргийн албанд татагдан 015 дугаар ангид гурван жил цэргийн алба хааж, ёстой өөрийн дуртай киног үзэж харах боломжтой болж. Зарим үед оргоод ч болсон кино үздэг байв. Тиймээс яаж ийгээд киноны л бол ямар ч хамаагүй ажил хийх юмсан гэж бодогддог болжээ.

Цэргээс халагдсаны дараахан тэр үеийн хотын арван барилгын нэг болох кино үйлдвэрийн хаалгыг тогшин ажилд орохоор очжээ. Аз болоход тухайн үед Кино механикч бэлтгэх 45 хоногийн курс нээгдэж байхад нь таарч бөөн завшаан болов. Уг курсээ төгсөөд тэр үеийн хотын захиргааны дэргэдэх Киноны газар кино механикаар томилогдон дуртай ажлынхаа амт шимтийг мэдрэн чин сэтгэлээсээ ажиллаж эхэллээ.

Хань ижилтэй ч болж. Түүний гэргий Л.Уранчимэг нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Амьдрал ахуй сайхан цэгцэрч ам бүл долуулаа болж байтал 1995 оны хавар хань нь өөд болоход хорвоо, ертөнц орвонгоороо эргэсэн гэдэг. Хэдэн хүүхдээ хойд эхийн гap харуулсангүй. Цаг хугацаа улиран өнгөрч үр хүүхдүүд нь өсч өндийн дор бүрнээ л аж амьдралтай золгоцгоосон.

1980-аад оны хавар намайг кино үйлдвэр дээр маргааш өглөө ир гэсэн хэл ирэв. Яаран сандран очиход кино үйлдвэрийн жижүүр түүнд хандан "Жигжид гуай дуудсан, өрөөнд нь одоохон яваад ор" гэлээ. Өрөөнд нь орж бишүүрхэн зогстол Жигжид гуай наашаа суу гэв. Манай киноныхон Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, нэрт кино найруулагч Жигжид гуайг хүндлэн биширч бас эмээнэ. Бас Жийгээ хэмээн авгайлан дууддаг байлаа.

Ингээд кино зургийн даргаар томилогдон анх Ард Аюуш киноны зураг авалтаар Архангай, Төв, Ховд аймгийн сумдаар хоёр жил шахам явж билээ. Манайхан кино зургийн ажлаар хот, хүрээ их явна. Хоорондоо эвтэй хүний яс чанар ч сайхан үе байлаа. Хааяа бяцхан наргиад авна. Бид нэг удаа хөдөө зураг авалтаар явлаа. Жийгээ найруулагчаас нуугдан ганц нэг шил юм олж түүнийгээ тарваганы нүхэнд нуулаа. Тэгээд нэг өглөө босоод хартал цас ороод нөгөө нүхээ ололгүй буцсан. Бид "архи нуусан нүхний тарвага мөн азтайяа, бусаддаа агсам тавиад явж байгаа байхдаа" гэж хэлээд бөөн инээдэм болж билээ.

Монгол кино хувьчлагдаж "Орчлон" кино компани болоход ажилтан болсноор арав гаруй уран сайхны, хоёр баримтат кинонд группын ахлагч, зургийн даргаар ажиллаа гэв. Төр засаг түүний хөдөлмөрийг үнэлж Соёлын тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 60,70,80 жилийн медалиар шагнажээ.

Бид хоёрыг ойр зуур ажил амьдралын яриа өрнүүлж суутал гаднаас кино үйлдвэрт олон жил хамт ажиллаж байсан зураглаач Б.Лхагвадорж, Ш.Ооёо нар орж ирээд өвгөнийг баахан явуулж байна аа, янз нь. Ж.Хишгээ ах ч тэдний тоглоомонд аятайхан хариу барина. Б.Лхагвадорж, Ш.Ооёо нар хойно Кино урлагийн дээд сургуульд ойролцоо төгссөн улсууд л даа. Тэд "бид хэд энэ үйлдвэрт насаараа шахуу хамт ажилласан хүмүүс. Өвгөн ах ажилд махруун, нөхөрсөг хүн л дээ. Бид энэ хүнд итгэж ажил даалгадаг байлаа" гэсэн нь хамт олны үнэлгээ байв.

Ж.Хишгээ ахтай ажиллахад урамтай, итгэлтэй байдагсан. Ярианыхаа төгсгөлд Хишгээ ах танай сониноор дамжуулан намайг өсгөсөн 96 настай ээждээ болон ах Мишка, Ноов, Баасанжагд, дүү Баасанбямба, Буянхишиг, Наранцацрал, Оюунчимэг болон тэдний үр хүүхдүүдэд эрүүл энх, сайн сайхныг хүсье гэлээ.
Gogo.mn

No comments:

Post a Comment