2012-08-05

Ц.Норжмаа: “Нөгөө сохор охин байна, нүдтэй юм байна, хардаг юм байна” гээд явуулдаггүй байлаа


Нэгэн үеийн үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулж байсан киноны нэг бол "Алтан өргөө” уран сайхны кино билээ. Уг кинонд хараагүй охины дүрийг чадварлаг бүтээж, дэлгэцэнд дүрээ мөнхөлж чадсан жүжигчин Ц.Норжмааг уншигч тантай уулзуулъя.


Таны тоглосон “Алтан өргөө” кино бүтсэн үеэс яриагаа эхэлье. Энэ кинонд хэдэн настайдаа тоглосон бэ?
Тэр үед би наймдугаар ангиа төгсөөд УБИС-ийн кино драмын ангид ороод байлаа. Нэгдүгээр курсээ дөнгөж төгсөж байлаа. “Алтан өргөө” киног хийх болж их урт хугацааны сонгон шалгаруулалт явагдсан. Тухайн үед манай ангийн Зоригоо бид хоёр тэнцээд, кинонд тоглосон. Одоогийн УБИС-д дөнгөж долоо, наймдугаар анги төгссөн хүмүүс л орж байлаа. Би УБИС-ийг 19 настай л төгсч байсан.
Энэхүү киног Германы уран бүтээлчидтэй хамтарч хийсэн гэсэн?
Германчууд  ирээд, киногоо хийх гээд л жүжигчдийн сонгон шалгаруулалт хийгээд л байсан. Сүүлдээ над дээр буусан байхгүй юу. (инээв)
Кинонд агуйтай хэсэг гардаг шүү дээ. Тэр хэсгийн зургийг хаана авсан бэ?
Тэр зургийг Германы зориулалтын павилонд авсан. Лувсанжамц гуайн хээрийн хэсгийг Залаатад авсан. Харин агуйн гаднах том бөөрөнхий чулуутай хэсгийг нь Тэрэлжийн тэнд хийсэн. Өнөө шуламтай хэсэг шүү дээ. Уг нь тэнд зөндөө их зураг авсан. Тэр нь цохигдчихсон байсан юм гэнэ лээ. Тэгээд дахиж аваагүй. Нисэх дээр шуурга шуурч байгаа хэсгийг онгоцны тусламжтай авч байсан юм.
Герман руу манай киноны баг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явсан юм бэ?
Германд байхад зураг авалтын талбай руу яг тэр өдрийн зурганд хэн хэн орох ёстой тэр хүмүүс нь л байдаг байлаа. Бусад нь шаардлагагүй болохоор шүү дээ. Өөрсдийн зураг авалттай өдрөө л өглөө найман цагт бэлэн байх ёстой байдаг. Германчууд их цаг барина. Цагтаа л эхэлнэ. Манайхан чинь төгсгөлийг нь дуусгах гээд л байдаг шүү дээ. Германчууд бол тийм биш. Орой таван цагт дуусна гэсэн бол тэр цагтаа л дуусгана. Дутуу байсан ч хамаагүй. Маргааш нь үргэлжлүүлнэ. Бид 12-оос нэг цаг хүртэл хоолондоо орно. Тэр хараа ордог хэсэг байна даа. Уг нь гадаа хараа орж байгаагаар нисэх буудлын тэнд авсан. Хараа ороод уул хадаар гүйгээд л, хээр гүйж байгаа хэсэг бас байдаг. Тэр хэсгийг гэрэл цохисон ч юм уу, байхгүй байна лээ. Харин гэрт хараа ордог хэсгийг Германы баг хийсэн.
Кино зураг авалтын багийн хувьд?
Ер нь хоёр талаасаа л хүмүүс байсан. Германы талаас гэрэлтүүлэгч, оператор байсан. Манай талаас оператор Уртнасан гуай байлаа. Зураачаар Гаваа гуай, Германы талаас бас нэг зураач байсан. Ассент найруулагч Германаас нэг хүн, харин манай талаас Хишигт гуай байсан. Сая Цэгмид, Хишигт бид хэд МҮОНВ-ээр “Алтан өргөө” кино гарахын өмнө ярилцлага өгсөн.
Дөнгөж нэгдүгээр курсын оюутан байсан болохоор мэдэхгүй чадахгүй зүйл их гарч байв уу?
Өө, их гаралгүй яахав. Анх “сохор бол” гэхээр юу хийхээ мэдэхгүй яаж сохор болно оо гэж бодоод л байлаа. Дандаа мундаг жүжигчидтэй хамтран тоглосон болохоор тусалж дэмждэг байлаа. Цагааны Цэгмид, Долгорсүрэн гээд л дандаа мундаг жүжигчид байлаа. Сохор хүн ямар байдгийг сайн мэдэхгүй. Анх цаанаасаа сохор болгочихдог юм байх гэж бодоод л санаа зовохгүй байлаа. Яг өөрөө тоглох болсон чинь сандраад л, нүдээ яахав гээд л их санаа зовж байсан.
Кино зураг авалтын үед болж байсан хөгтэй үйл явдлаас та санаж байна уу?
Нэг удаа ээмгээ хаячихаад баларсан. Гаваа гуай нэг сүүжиндүү маягийн урт ээмэг хийж өгсөн юм. Яг маргааш нь үдийн цайны дараа зураг авах гэсэн чинь өрөөсөн ээмэг байдаггүй. Германы найруулагч нь гэж их өндөр хүн байсан юм. Тэр уурлаад л, намайг загнаад л. Тэгээд л кино багийнхан өндөр өвсөн дунд ээмгээ хайгаад л байлаа. Хаана унагааснаа мэдэхгүй. Сүүлдээ Гаваа гуай дахиж ээмэг хийж өгсөн. Гэхдээ тэр өрөөсөн ээмгээ олоогүй шиг санаж байна. Тэгээд тэр өдрийн зураг авалт тасарсан. Дараа нь ээмгээ зүүгээд л явахаар “Хөөе, чи юмаа хаячихав” гээд л байн байн сануулаад л байж билээ. Уг нь их олон дурсамж байсан юм. Одоо сайн санахгүй байна.
Тэгэлгүй яахав 51 жилийн өмнө бүтээгдсэн кино шүү дээ. Мөн Монголын анхны үлгэрийн кино. Кино дэлгэцэнд гарсны дараа хэр олон шүтэн бишрэгчтэй болов?
Яг кино гарсны дараа их захиа ирдэг байлаа. Багшийн дээд сургууль гэхээр шууд л сургуульд хаяглаад л захиа бичдэг байсан байх. Өглөө хичээлдээ ирэхээр л жижүүр “май, захиагаа аваарай’’ гээд л зөндөө захиа өгнө шүү дээ. “Танилцъя", “Таны киног үзсэн”, “Таны зургийг ханан дээрээ тавьчихсан” гээд л сонин захиа их ирдэг байлаа. Заримдаа гадуур явахаар жаахан хүүхдүүд “Нөгөө сохор охин байна. Нүдтэй юм байна. Хардаг юм байна” гээд л явуулдаггүй байлаа.
Сүүлийн үед үлгэрийн шинжтэй нэвтрүүлэг, киноны дийлэнх нь “Алтан өргөө” киноны хөгжмийг ашигладаг шүү дээ. Тэгвэл киноны хөгжмийн талаар?
Киноны хөгжмийг Мөрдорж гуай бичсэн шүү дээ. Филармоний нэг тэмцээн болоод тэрэнд нь “Алтан өргөө” киноны хөгжим түрүүлсэн гэсэн. Тэр арга хэмжээнд нь Зоригоо очсон гэсэн. Бас "Цогт тайж”, “Мандухай цэцэн хатан” киноны хөгжмүүд их гоё.
Одоо эргэн санахад киноны зураг авалтын үед ингэдэг байж, тэгдэг байж гэх бодол орж ирдэг үү?
Би заримдаа ингэж боддог. Нэгдүгээр курс гэдэг бол кино драмын анхны мэдэгдэхүүнтэй болчихсон байх үе л дээ. Этюд, тайзны ярианы урлаг, гамм унших гэх мэт. Хэрэв дөрөвдүгээр курсээ төгсөөд тоглосон бол арай өөр байх байсан гэж боддог. Дээр үеийн сайн жүжигчидтэй хамтарч тоглосон болохоор мэдэхгүй зүйл дээрээ туслалцаа авч байлаа. Цай самардаг хэсэг гэхэд л дээр үеийн хүмүүс чинь цайгаа самрахад хамаагүй ийш тийш нь үсчүүлдэггүй шүү дээ. Тэр чинь бас өөрийн гэсэн номтой. Энэ бүгдийг зааж өгч байгаа юм чинь. Монголчууд чинь их ёс жудагтай ард түмэн. Энэ кино ч монгол хүний амьдралын аж байдлыг харуулсан үлгэрийн кино шүү дээ. Энэ бол бусдаасаа юугаараа ялгаатай вэ гэвэл анхны өнгөт үлгэрийн кино юм даа.
Та “Алтан өргөө” киноноос өөр кинонд тоглосон уу. Та телевизэд олон жил ажилласан байх аа?
Өөр кинонд тоглоогүй ээ. Багшийн дээд сургууль төгсөөд би уг нь кинонд тоглоё гэж саналаа өгсөн юм. Тэгсэн тэр үед кино жүжигчин байхгүй гээд хүүхэлдэйн театрт очиж байлаа. Манай ангийн зарим нь драмын театрт хуваарилагдсан. Хүүхэлдэйн театрт хоёр жил жүжгэн дээр ажиллаж байгаад, сүүлд телевизэд орсон. МҮОНТВ дөнгөж байгуулагдаад, Орос руу курст явуулна гэж байлаа. Тэгэхэд нь саналаа өгөөд манайхнаас Зоригоо бид хэд мэргэжил дээшлүүлэхээр нэг жил сурахаар явсан даа. Курсээ төгсөөд телевизэд соёл урлагийн редакцид ажиллаж эхэлсэн. Тэр үед манайх их жүжиг хийдэг байлаа. Одоо “Алтан сан хөмрөгөөс” гээд л хааяа телевизээр гаргадаг шүү дээ. Драмын театр Хүүхэлдэйн театраас жүжигчид авч тоглуулдаг байлаа.
Телевизэд ямар хамт олонтой ажиллаж байв?
Дөнгөж төгсөөд очсон, дээрээс нь телевиз дөнгөж байгуулагдаад байсан болохоор тэр талаар мэргэшсэн хүн бараг байгаагүй. Бид нараас арай ахмад нь Туваанжав гуай байлаа. Туваанжав гуай сүүлд манай редакцид уран сайхны удирдагчаар ирж байсан. Бас Хишигт гуай байна. Сүүлд Улаанбаатар телевизэд очсон.
Дөнгөж байгуулагдсан телевизийн үйл ажиллагаа ямар шат дараатай явагддаг байсан бэ?
Анх мэдэхгүй зүйл зөндөө гардаг байлаа. Эфирийн техник дээр суугаад л шөнө 12, нэг цаг хүртэл ажилладаг байлаа. Одооных шиг ийм амархан байгаагүй. Бид нар чинь том том хальсан дээр хуулна, хайчилна, дараа нь уран сайхны зөвлөлөөс өгсөн засварыг хийнэ. Дараа нь эфирт найруулагчид хүлээлгэж өгнө гээд л бөөн ажил болдог байлаа. Би ч бас программын найруулагч байлаа. Тэгээд л тэр бүгдийг хүлээж авна шүү дээ. Дунд нь засвар нөхөөс байвал тэрийг нь хийнэ. Жүжиг бичихэд бараг маргааш нь дуусна. Манай редакцид Туваанжав гуай, Шийтэр, Жаргал бид хэд байсан.
Тэр үеийн нэвтрүүлэг одоо үеийнхтэй харьцуулшгүй ажиллагаа ихтэй байжээ. Тал талаасаа олон давхар шат дамжлагатай бүтдэг учраас мэргэжлийн өндөр түвшинд хариуцлагатай байсан байх?
Тийм ээ. Тэр үед өндөр түвшинд нэвтрүүлгүүд бүтээгддэг байсан. Одоо бол бараг хүссэн бүхэн нь л хийдэг болж дээ. Компьютер дээр суугаад л хийчихдэг болсон байна. Бид хамгийн хэцүү үед нь ажиллаж байсан хүмүүс. Дөнгөж Оросын том хар хальснууд ирчихсэн. Тэгээд л нүсэр том пульт дээр сууж хийдэг байлаа. Одоо тэр пульт музейд л байгаа байх.
Радио телевизийн салбарынхны ажил цаг наргүй шүү дээ. Тэр хүмүүсийн ар гэр хамгийн их ачааллыг үүрдэг байх. Тa гэр бүлээ танилцуулаач?
Манай гэр бүлийн хүн сурвалжлагч байсан. Би дөрвөн хүүхэдтэй. Хамгийн том маань Япон, удаах нь Германд байдаг. Дараагийн хүү маань Оросын нэг компанид ажилладаг.
Таны мэргэжлийг хүүхдүүд тань өвлөж авсан уу?
Аваагүй ээ. Харин манай Германд байдаг охин шүлэг бичдэг. Аав нь бас шүлэг энээ тэрээ бичдэг хүн байсан юм.
Залуустаа хандаж хэлэхэд?
Сүүлийн үеийн кино энэ тэр дээрээс хараад байхад залуус ихэнхдээ Солонгосын киног хэтэрхий дуурайгаад байх шиг санагдах юм. Саяхан нэг монгол кино үзэхэд л нэг нь араас нь ирээд л хутгалж байх шиг. Монгол үндэсний аж байдал, өнгө төрхийг илтгэсэн кино хийх хэрэгтэй байгаа юм. Хэтэрхий гоё зүйл хийх гээд л сэтгэл гэдэг юмыг гээгээд байх шиг байна. Жүжиглэлт, кино нэвтрүүлгийн чанар гээд л сэтгэл л их дутаж байна даа.
Үндэсний мэдээ

No comments:

Post a Comment