2012-07-02

Дү.Мягмарсүрэн: Орчин үеийн инээдмийн кинонууд кино урлагийг аврах биш алж байна

Дэд профессор, кино шүүмжлэгч, зохиолч Дү.Мягмарсүрэн гуайтай Монголын кино урлагийн өнөөгийн байдал, хөгжлийн талаар ярилцлаа.
Монголчууд сүүлийн жилүүдэд киног ёстой л үйлдвэрлэж байна. Үүнтэй холбоотойгоор нэгэн үе уналтад ороод байсан Монголын кино урлаг хөгжиж байна гэж ярих болжээ. Хийж л байвал хөгжиж байна гэж ойлгох нь зөв үү? Зах зээлд шилжхээс өмнө Монголын кино урлаг өөрийн инерцээрээ тодорхой хөгжлийн шатанд хүрсэн. 1980-аад оны үед Монголын кино урлаг хөгжлийн өндөр түвшинд хүрсний нэгэн тод жишээ бол «Мандухай сэцэн хатан» кино. Тэр үед цаашаа нэлээд хөгжих ирээдүй харагдаж байсан. Гэвч зах зээлд шилжсэнээр Монголын кино урлаг уналтад орсон юм. Учир юу гэвээс, кино үйлдвэрийн үйл ажиллагаа зогсож, уран бүтээлчид нь гудамжинд гарсан. Сөнөсөнд тооцож болно. Түүнээс хойш Кино үйлдвэр ажилласан нэртэй л байна. Улсаас төсөвлөсөн хэдэн төгрөгөөр баримтат кино л хийдэг. Хальс угаадаг цехийнхээ хүрээнд хальс угааж, мэдээний төдий зүйлсээр ам хааж байна. Ийм байхад кино урлаг хөгжиж байна гэж хэлэхэд хэцүү.

Үйлдвэр нь ажиллахгүй байхад хөгжлийн тухай яриад ч яах вэ. Гэхдээ энд нэг учир бий. Юу гэвээс, кино урлаг зогсох ёсгүй. Энэ бол оюун ухааны, сэтгэлгээний бүтээл. Уран бүтээлчдийн авьяас билиг, оюун ухаан ундарч байгаа цагт кино урлаг сүйрэх, зогсох үндэс байхгүй. Бид одоо видеогоор кино хийж байна. Түүнийг хальс руу буулгадаг технологи гарсан байна. Бид тэр технологийг оруулж ирээгүй учраас видеогоор зураг авчхаад, түүнийгээ үзэгчдэд хүргэж, хамгийн доод шатны хэлбэрээр кино урлагийг амийг нь тасалчхалгүй авч явна.
 
Ахмад болон дунд үеийнхэн кино хийхээ больсон нь ч бас үүнд нөлөөлж байна уу?
Одоо Монголын кино урлаг залуучуудын нуруун дээр байна. Тэдэнд туршлага дутсан. Кино хийж байна гэдгээсээ илүү "Зургийн эвлүүлэг" хийдэг байсан үе бий. 2000-аад оноос зарим авьяаслаг залуус нь туршлага суугаад боломжийн кинонууд хийж эхэлсэн. Тэр залуучуудын урам зоригийг дэвжээж өгөхийн тулд 2001 онд миний бие хэдэн хүнтэй нийлж, Монголын киноны «Шинэ эрин» ассоциацийг санаачилж байгуулсан юм. Бид 2003 оноос хоёр жилд нэг удаа Монголын анхны кино наадмыг зохион байгуулж эхэлсэн. «Энэ кино наадам залуу уран бүтээлчдийн урам зоригийг хөгжүүлээд зогсохгүй, Монголын кино урлагт том тэсрэлтийг авч ирнэ» гэж намайг хэлэхэд Э.Зоригт «Та Бин Ладен биш дээ, юугаа тэслэх гээд байгаа юм» гээд инээж байсан. Энэ наадам киночдын авъяас билгийг хөгжүүлэх тэсрэлт болж ч чадсан.
 
Сонгодог чиглэлийн киног манайд хөгжүүлэхэд юу дутагдаад байна вэ?
Кино бол нийлмэл урлаг. Гэтэл манайхан зохиолчгүйгээр зураг авалтад орж байна. Найруулагч нь хэдэн жүжигчинтэйгээ ярилцаж байгаад, кино хийчхэж байна. Энэ бол кино урлагийг хөгжүүлэх биш сөнөөх замд хөтөлж байгаа хэрэг гэж би боддог. Кино зохиол бол бие даасан урлаг.

Мөн зураач гэдэг хүнийг кинонд ер авахаа больжээ. Түмэн жижгийн нууц гэдэг шиг кино гэдэг маш нарийн зүйл. Кино урлаг бүх зүйл нь жигдэрч байж л сайн уран бүтээл болдог. Кино бол асар том бизнес. Анх ийм л чиглэлээр гарч ирсэн. Гэвч хүнийг хүмүүжиж, гэгээрэхэд, хүн болоход кино урлаг асар их үүрэг гүйцэтгэсэн учраас цоо шинэ чиг хандлага гарч ирсэн юм. Сонгодог чиглэлийн уран бүтээлчид амь амьдрал, бүх юмаа зориулж тэмцэж ирсэн. Хүнийг хүн болгохын төлөө уран бүтээлээ туурвиж ирсэн.

Монголчууд гадаадын киног их дуурайж байна. Дуураймал, киноны киборгууд их гарч байна. Гадны уран бүтээлчдээс туршлага судалж, арга барилаас нь суралцаж болно. Гэхдээ аргыг нь мэдэж аваад, өөрийнхөө толгойг ажиллуулж, тэс өөр юм болгож хийх ёстой. Манайхан үндэсний ахуй амьдрал, ёс заншил, үнэт өв, баялаг түүхээсээ сэдэвлэсэн кино хийхгүй байна. Тэгэхээр төрөл зүйлийн хувьд баяжихгүй байна гэсэн үг.
 
Кино урлагийг хөгжүүлэхийн тулд сэдвийн хүрээ, төрөл зүйлийг нь анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Өнөөдөр Монголд хайр дурлал гэсэн ганцхан сэдэв дээр тулгуурласан инээдмийн кинонууд хийж байна. Энэ жилээс хэдэн түүхэн кино хийж эхэлснийг эс тооцвол бусад төрөл жанрын кино алга?
Үнэн. Энэ нь нэг талаар мөнгө хөөж байгаа хэрэг. Дэлхийн кино урлаг арилжааны болон сонгодог гэсэн үндсэн хоёр чиглэлээр хөгждөг. Сонгодог чиглэлийн киног хөгжүүлэхийн тулд өндөр хөгжилтэй орнууд олон улсын хэмжээний кино наадмуудыг зохион байгуулдаг. Тэд урлагийг жинхэнэ урлаг чигээр нь байлгахын төлөө гадаадын уран бүтээлчдийн хийсэн киног шүүж, үнэлгээ өгч байна. Тэр наадмуудад арилжааны кино бараг ордоггүй.

Сонгодог чиглэлээр кино хийж байгаа залуус манайд ховор байна. Киноны гол зүрх нь төрөл зүйл юм. Төрөл зүйл бол чанар, уран бүтээлчийн чадвартай шууд холбоотой. Төрөл зүйлээ баяжуулах тусам кино урлаг хөгжих боломжтой болдог. Манайд ахуйн төрлийн кинонд хайр дурлалыг гол сэдвээ болгон авч байна. Инээдмийн кино ашигтай байна гэдгийг уран бүтээлчид ойлгож эхэлсэн. Гэвч энэ бол мөнгөний л ойлголт.

Кино урлагийг хөгжүүлэх гэсэн биш өөрсдөө ашиг олох гэсэн сонирхол давамгайлж байгаагийн илрэл. Энэ их буруу. Гэтэл хийж байгаа инээдмийн кинонууд нь чанарын хувьд тун тааруу. Хатуухан хэлэхэд, манайхан инээдмийн кино биш хошин шогийн өнгө аясаар хийсэн зургийн эвлүүлэг хийж байна. Энэ бол кино урлагийг аврах биш алж байгаа хэрэг.

Гэхдээ манайхан сүүлийн үед улс төрийн, нийгмийн асуудлыг хөндсөн, сэтгэл зүйн кино хийх болж. Анх би «Зориг» гэдэг киногоор улс төрийн киноны үндсийг тавьсан. Түүний дараа З.Батболдын «Боолын гэрээ» гэдэг маш хүчтэй кино гарсан. Энэ мэтээр нэг юмны эхлэл цөмийн урвал мэт цаашаа тэсэрч дэлгэрч байдаг. Улс төрийн кинотой хамт нийгмийн асуудал явж байдаг. Тиймээс нийгмийн асуудлыг хөндсөн кино манайд цаашид хүчээ авах байх гэж найдаж байна.

Сэтгэл зүйн кино ч мөн хөгжих хандлагатай байна. Нийгэмд, ард түмэнд, ялангуяа залуучуудад сэтгэл зүйн кино тун хэрэгтэй. Тиймээс энэ төрөл зүйлийг хөгжүүлэх шаардлагатай.
 
Манай киночид улс төрийн кино хийхээр зориглож, асуудлыг хүчтэй тавьж байгаа нь «Боолын гэрээ», «Төрийн дайсан», «Бурхан өршөөг» зэрэг киноноос харагдаж байна. Гэвч эдгээр киног кино театруудаар гаргахыг хориглосон. Удалгүй энэ кинонууд хулгайлагдсан. Ингэж кино урлагийг боомилж болдог юм уу?
Ардчилсан орнуудад киног хориглох асуудал бараг байдаггүй. Харин насны хувьд зэрэглэл тогтоож болдог. Манайд киноны хууль хэрэгтэй байгаагийн бас нэгэн илрэл бол энэ. Манай уран бүтээлчид улс төрийн ямар ч ноцтой асуудлыг хөндөөгүй. «Нийгмээ хараач ээ, УИХ-ын гишүүд чинь хэн юм бэ, яагаад лицензээ хятадад өгөөд байгаа юм бэ» гэдэг асуудлыг л хөндсөн. Нийгмийн үнэн бодит байдлыг төрийн түшээдэд харуулахыг хүссэн. Саяхан би сонин уншаад, бүр сэтгэл харанхуйллаа. Учир юу гэвээс, хил дагуух лицензээр олгогдсон газар бүгд хятадынх болчхож. Энэ мэтчилэн гутамшигтай зүйл манай нийгэмд их байна. Энэ бүхэн юунаас болж байгаа юм бэ. Манай төрийн эрх мэдлийг албан тушаал, алт мөнгөний төлөө гэсэн сэтгэлгээтэй усан тэнэг амьтад атгаж байгаа учраас тэр. Тэд үнэнд ойртсон, өөрсдийнх нь тухай өчүүхэн төдий санаа дэвшүүлсэн киноноос айж байна. Гэвч тэд хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгдэнэ.
 
Өнгөрсөн жилээс киноны уран бүтээлчид бараг л бүгдээрээ түүхэн кино хийлээ. Нэг жил дан инээдмийн эсвэл дан түүхэн кино үйлдвэрлэх нь нэг талаар их өрөөсгөл санагдах юм?
Хийж л байг. Манайхан чинь их хошуурдаг улс шүү дээ. Энэ бол төрөөс чиглүүлж өгөхгүй, нэгдсэн бодлогогүй байгаагийн шинж. Энэ талаар тодорхой ажил хэрэг өрнүүлэхийн тулд бид саяхан Монголын кино урлагийн зөвлөлийг байгууллаа. Манайд киноны чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэсэн 30 гаруй байгууллага байдаг юм байна. Тэднээс 26-г нь нэгтгэж, Монголын киночдын анхдугаар чуулганыг зохион байгууллаа. Кино урлагийг хэрхэн хөгжүүлэх вэ, үүний тулд ямар, ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдэг талаар хэлэлцлээ. Төр, олон нийтийг нэгтгэсэн киноны консул хэмээх байгууллагыг киноны гүрэн гэгддэг дэлхийн томоохон улсуудад байдаг. Түүний нэг нь энэ зөвлөл юм.
 
Гуч гаруй байгууллага байна гэж та хэллээ. Юу хийдэг байгууллагууд юм бол оо. Монголын кино урлагийн зөвлөл ч бас хэсэг хугацааны дараа тэдний адил нэр төдий зүйл болчих юм биш биз дээ?
Бид маш их зүйлийг хийхээр төлөвлөж байгаа. Төр бидний төлөө юу ч хийхгүй байна. Тиймээс бид эхлээд киноны тухай хуулиа санаачилъя. Тэр хуулиараа киночдоо чиглүүлж өгье. Чиглүүлэгч байхгүй болохоор киноны төрөл жанр, сэдэв баяжихгүй байгаа юм. Киноны чанарыг сайжруулах, уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх, шүүмж судлалыг хөгжүүлэх талаар онцгой анхаарч ажиллана. Зөвлөл дотроо хүрээлэн байгуулахаар ярилцаж байна. Би олон жилийн өмнөөс киноны сантай болохсон гэж мөрөөдсөн. Монголын кино урлагийн зөвлөлдөө түшиглэн, киноны сангийнхаа бичиг баримтыг хөөцөлдөж байгаа. Сангийнхаа удирдах зөвлөлийг байгуулах гэж хөөцөлдсөөр лав нэг оныг барлаа.

Мөн Монголын кино урлагийн түүхийг бичихсэн гэж их олон жил бодсон. Үүнийгээ ажил хэрэг болгож, ШУА-аас гаргасан эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн 108 ботийн 24 дүгээр боть болгож хэвлүүлээд, бас «Монголын киноны нэвтэрхий толь»-ийг хэвлэлтэд өгөөд байна. Төлөвлөсөн ажил асар их байна. Хэрэгжүүлэх гэдэг хэцүү. Манайхан аливаа зүйлийг сэтгэлийн хөөрлөөр хийх дуртай. Нэг өдөр хуралдаж хэлэлцчихээд, маргааш нь мартчихдаг. Тиймээс үнэхээр юм хийж байсан, хийх чадвартай хүмүүсийг татах хэрэгтэй байна.
 
Киноны сан байгуулахын утга учир, ач холбогдол нь юу юм бэ?
Кинонд хөрөнгө оруулах гэсэн хүсэл сонирхолтой хүмүүс их байна. Гэтэл манай киночид тэдний мөнгөөр хэрэгтэй, хэрэггүй кино хийж, тэднийг шатааж байна. Тиймээс кино урлагийг гэсэн сэтгэлтэй тэр хүмүүсийн мөнгийг сандаа хуримтлуулж, сонгон шалгаруулалтаар шалгарсан шилдэг кинонд санхүүжилт өгдөг тогтолцоонд оруулах зорилго тавьж байгаа юм.

Манайхан баримтат киног ховор хийдэг. Гэвч хийсэн болгон нь олон улсын уралдаан, тэмцээнд дээгүүр «давхидаг» шүү дээ. Энэ төрөл зүйлийг хэрхэн хөгжүүлэх вэ?
Манайд энэ төрөл зүйлээр уран бүтээл туурвиж байгаа авьяаслаг залуус гарч ирж байгаад би баяртай байгаа. Манай залуучуудад авьяас чадвар, оюун ухаан байна. Мөнгө л алга. Үзэгчид цөөтэй боловч үндэсний өв уламжлал, түүх заншлаа хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх асар том үйлс бол баримтат кино. Энэ төрөл зүйлийг хөгжүүлэхийн тулд төрөөс онцгой анхаарах ёстой. Баримтат киноны театр байгуулах талаар бодох хэрэгтэй. Гэвч манайд уран сайхны кино гаргадаг театр нь хүртэл цөөхөн шүү дээ.
Эх сурвалж: Өглөөний сонин

No comments:

Post a Comment