2012-06-24

Ч.Хоролдорж: Монгол зан заншлыг харуулсан кино хийнэ

Өнгөрсөн жилийн 48 цаг кино наадмын тэргүүн байрын шагналт ICITI фильмийн найруулагч Ч.Хоролдорж "Шарга даага" хэмээх хүүхдийн бүрэн хэмжээний уран саихны кино бүтээх гэж байгаа аж. Уг киноны зураг авалтын ажил нь өнөөдөр эхэлж байгаа бөгөөд Японоос Ёсүкэ Като хэмээх зураглаач уригдаж ажиллаж байгаа гэнэ. Ч.Хоролдоржтой ярилцлаа.

-48 цаг кино наадмаас хойш юу хийв?
-48 цаг наадмын дараа Монголд дахин богино хэмжээний кино наадам зохиогдсон шүү дээ. Манай студи тэр наадмаас шүүгчдийн шагнал, шилдэг зураглаачийн шагналыг хүртсэн. Түүний дараа Азийн Пусаны кино наадмын дэргэдэх академид зураглаачаар суралцсан. Мөн Берлиний кино наадмын дэргэдэх академид дэлхийн улс орнуудын 350 орчим залуу уран бүтээлчдийн дунд сургалт явуулсан. Түүнд хамрагдаж ирээд "Шарга даага" хэмээх бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээхээр ажиллаж байна.
-"Шарга даага" киноны зардал нь хаанаас гарч байгаа вэ?
-"Шарга даага" кинонд Айсити фильм студи, 48 цаг кино наадамд оролцсон баг ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын соёл урлагийн хорооноос зарласан хүүхдийн уран бүтээлийг дэмжих улсын уралдаанд кино төслөө явуулж шалгараад санхүүгийн дэмжлэг авсан. Үлдсэн төсвийг манай Айсити фильмээс гаргаж байгаа. Хүүхдэд түлхүү хандсан уран бүтээл боловч бүх насны хүн үзэх боломжтой. Монгол адуучдын зан заншил, хурдан морь уях уралдуулах ёс жаяг энэ кинонд дэлгэрэнгүй гарна.
-Киноны үйл явдал яаж эхлэхийг хэлж болох уу?
-Нэг хүү төрсөн гэрээсээ хол авга ах дээрээ өснө. Авга ахыг нь нас барахад аав ээж нь хүүгээ гэртээ аваачна. Хүү гэртээ дасч өгөхгүй байгаад нь аав ээж, ахынх нь сэтгэл зовох юм. Гэвч тэр хүү яваа яваандаа төрсөн нутаг, төрөлх гэр орноо ямар сайхныг ойлгож байгаа тухайгаар кино үргэлжилнэ.
-Хүүхдийн тодотголтой уран бүтээлд ивээн тэтгэгч олддоггүй. Тиймээс ч энэ сэдвийг уран бүтээлчид тойрдог гэдэг?
-Бид соёл урлагийн хорооноос дэмжлэг аваад найман сар болж байна. Энэ хугацаанд бэлтгэл ажлаа хийхийн зэрэгцээ "Хүүхдийн уран бүтээл, дэмжиж туслаач. Энэ бол зүгээр хэвшмэл сэдэвтэй кино биш монгол түмний зан заншил, ахуй соёл, хүнд байх ёстой нандин чанаруудыг харуулсан сэдэвтэй кино" гэж олон байгууллагаар орж уулзаж, ярилцсан. Яг одоогоор биднийг дэмжсэн байгууллага байхгүй байна. Гэтэл өнөөдөр манай нийгэмд хүүхдэд чиглэсэн уран бүтээл алга. Уран бүтээлчийн хувьд газар хаясан хогийг дараа нь цэвэрлэдэг биш газар хогоо хаядаггүй соёлтой эх оронч иргэдийг бэлдэхийн тулд хүүхдэд зориулсан ийм кино олныг хийх хэрэгтэй гэж боддог.
-Энэ кинонд ямар жүжигчид тоглох вэ?
-Манай киноны гол дүрүүдэд жүжигчин Цэрэнболд, Бямбацогт, "Хөх чоно" Дамдин гуай, Од нар тоглоно. Кинонд ах, дүү хоёр болон бас нэг унаач хүүхэд гардаг. Тэр хүүхдүүдийг бид орон нутгаас сонгож авч байгаа. Туслах дүрүүдэд бас орон нутгаас хүмүүс оролцуулна.
-Зураг авалтаа хаана хийх вэ?
-Зураг авалтын 80 гаруй хувийг Төв аймгийн Угтаалцайдам суманд хийнэ. Энэ кинонд нутаг гүйж байгаа шарга даага гарах тул бусад хэсгүүдийг нь Монголынхоо үзэсгэлэнтэй сайхан газруудад авна. Тус сумын удирдлагууд ард иргэд хурдан морь, монгол наадам, монгол уяачдын тухай кино хийх гэж байгааг нааштай хүлээж авч дэмжээд мөнгө төгрөгөөр туслаагүй ч гэсэн сэтгэлийн сайхан тус хүргэж мал ахуйгаа зурганд оруулж байгаад нь баяртай байгаа.
-Япон зураглаач ажиллаж байгаа юм байна. Урилгаар ирэв үү яаж танилцсан юм бэ?
-Ёсүкэ Катотой Азийн Пусаны кино наадмын дэргэдэх Азийн кино урлагийн академид хамт суралцаж бие биенийгээ мэддэг болсон. Хамт сурч байсан шугамаар холбогдож энэ кинондоо ажиллуулахаар тохирсон. Бидний урилгыг тун дуртай хүлээж авсан.
-Ер нь яагаад морины тухай сэдвийг сонгосон юм бэ?
-Би урьд өмнө нь богино хэмжээний хэд хэдэн кино хийсэн. Залуу уран бүтээлч хүний хувьд бүрэн хэмжээний кино хийх хүслийг дотроо тээж явсан. Монгол ахуй, монгол соёлыг харуулсан кино бүтээхийг боддог байлаа. Учир нь би олон улсын хэд хэдэн фестивалиудад оролцож явахдаа иймэрхүү Монголоо сурталчилсан кино байвал зүгээр юм байна гэж боддог байсан. Энэ киногоороо төрөлх нутгийн үнэ цэнэ гэж чухам юу болохыг сануулахыг зорьж байна.
-Тэгэхээр үндэснийхээ онцлогийг харуулсан кино хийж зөвхөн монголчууд гэлгүй гадаадад үзүүлэхийг зорьж байгаа байх нь ээ?
-Ер нь өөрсдийн мэдэхгүй Америкийн хайр дурлал, дайн байлдаан, гэмт хэргийн тухай кинотой адилхан киног хийгээд амжилтанд хүрэхгүй. Харин би өөрөө монгол хүн болохоор эх орныхоо тухай, манай зон олон адуу малаа яаж хайрлаж хүндэлдгийг мэднэ. Тийм болохоор энэ сэдвийг сонгож авсан. Ер нь уран бүтээлч хүний хувьд өөрийн мэддэг зүйлээ хийвэл илүү сайн болно гэж боддог.
-Кино хэр хугацаанд бүтэх бол. Төлөвлөгөө гаргасан уу?
-Зургадугаар сарын 23-наас зураг авалт эхлээд 45 хоног үргэлжилнэ. Сумын бодит наадам дээр зураг авна. Нутгийн хүмүүс наадам дээрээ зураг авалт хийхийг зөвшөөрч байгаад баяртай байна. Ирээд эвлүүлэг, дуу хөгжмийн ажил хийнэ. Энэ зураг авалт шигээ нүсэр ажил болно. Гэхдээ энэ ондоо багтааж киногоо дуусгахаар төлөвлөж байгаа.
Эх сурвалж: Medee.mn

No comments:

Post a Comment