2012-06-11

Б.Цогтбаяр: Каннын кино наадамд Монгол гэдэг нэрийг дуурсгаж чадсан


65 дахь жилдээ зохиогдож байгаа Каннын кино наадамд Монгол улсаа төлөөлөн анх удаа видео киноны төрөлд "Богд хаан" кино оролцсон юм. Тус кино нь олон улсын кино бүтээгчдийн анхаарлыг ихэд татаж худалдагдах хэмжээнд яригдаад байгаа билээ. Ингээд киноны найруулагч Б.Цогтбаяртай хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.


-Анх кино урлагтай хэрхэн холбогдож байв?
- Багаасаа урлагийн хүн болъё гэж их мөрөөддөг байлаа. Дунд сургуулиа төгсөөд Москвагийн бүх холбоотын Кино урлагийн дээд сургуульд сурахыг хүссэн ч тухайн үед 10 жил төгссөн хүүхэд авдаггүй байлаа. Ингээд арваа төгсөөд 1980 оны 9 сарын 3-ны өдөр Монгол кино үйлдвэрийн даргын тушаалаар кино үйлдвэрийн оператор техникийн цехэд дагалдангаар 650 төгрөгийн цалинтай орж байв. Тэр үед би туслах оператортоо аппаратуудыг нь бэлтгэж өгдөг байсан юм. Энэ бол маш хариуцлагатай ажил. Учир нь өч төчнөөн хөрөнгө мөнгө зарцуулаад хийж байгаа уран бүтээлд нь фокусгүй зураг авах, баланс алдах, зураас гарах гэх мэтийн алдаа гарвал олон хүний нөр их хөдөлмөр, цаг хугацаа сүйддэг. Миний анх явсан кино бол найруулагч Ичинноров, оператор Баатарын бүтээл "Шийдвэрлэх алхам” гэдэг кино байлаа. Тэр үед дагалдан байсан миний хувьд киноны нэр маань шийдвэрлэх алхам, миний хувьд ч мөн шийдвэрлэх алхам болж кино урлагтай хувь заяагаа холбохоор шийдсэн дээ. Дараа нь нэрт найруулагч байсан Сэлэнгэсүрэн ахтай "Хуучин сүмийн нууц” кинонд туслахаар ажилласан. 1982 онд хүсэн хүлээж байсан бүх холбоотын Кино урлагийн дээд сургуульд операторын ангидаа элсэн орсон юм. Гарыг минь ганзганд, хөлийг маань дөрөөнд хүргэсэн хүн бол миний багш Александр Владеморович Перн гэж төрийн шагналт урлагийн гавьяат зүтгэлтэн хүн байв. Монголчуудад их элэгтэй, сайхан хүн байсан даа. 75-тай гэхэд багш маань их хөнгөн шингэн, өндөр мэдлэгтэй айхтар өвгөн байлаа. 1988 онд сургуулиа төгсч ирээд кино урлагтай амьдралаа холбоод одоог хүртэл явж байна. Тэр цагаас хойш би улсын захиалгаар кино хийж үзээгүй өдийг хүрлээ. Нэг бодлын азгүй ч хүн юм шиг. Учир нь сайхан камерын ард туслахаа зогсоочихоод улсын хөрөнгөөр кино хийдэг Балжинням, Баттулга нар шиг болох юмсан гэж тэр үедээ их хүсдэг байсан. Тэд бол одоогийн хэллэгээр “тэнгэрийн амьтад” байлаа шүү дээ. Нэр хүндтэй сайхан хүмүүстэй хамтран ажиллаж зараалд явах үедээ явж, орой үдэш хүргэж өгнө гэдэг бол бидний хувьд жаргал байлаа шүү дээ. Одоогийн хүүхдүүд бол зарагдаж байна гэж хэлэх биз.
-Монголын кино үйлдвэр ид кино хийж байх үеийг кино урлагийн алтан үе гэж ярьдаг шүү дээ. Тэр цагаас хойш Монголын кино урлаг уналтанд орсон гэхэд хилсдэхгүй байх. Энэ цаг үед кинонууд шил шилээ даран маш ихээр төрөн гарч байна. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
- Тийм ээ. 1980-аад оны эхээр Кино үйлдвэр сор болсон бүтээлүүд төрөн гардаг урлагийн алтан хоймор байлаа шүү дээ. Тэнд дуучин, жүжигчин, яруу найрагч, зураач, хөгжмийн зохиолч нар уран бүтээлээ ид туурвиж буцалж байдаг газар байсан.  Харин одоо бол Кино үйлдвэр амьсгаатай төдий л ажиллаж, Монгол улсын түүхт үйл явдлуудыг л баримтжуулж авч байна. Үүнээс өөр ямар ч уран бүтээл хийхгүй балгас болоод дуусч байна даа. 1991-1992 оны үед нийгмийн бүх системд өөрчлөлт орж кино урлаг уналтанд орсон. Гэхдээ 1992-1994 онд жилдээ 42 хальсны кино гарч байлаа. Тэр үед жүжигчин болгон кино хийж байсан ч кино урлаг бол хамтын нөр их хөдөлмөрөөр бүтдэгээрээ бусад урлагаас онцлог, нарийн урлаг гэдгийг ойлгосон хүмүүс кино хийхээ больсон. Энэ үед кино урлаг навс унасан. Харин сүүлийн хоёр гурван жилд залуу найруулагч, уран бүтээлчид ихээр төрөн гарсан. Өдөрт бараг нэг кино нээлтээ хийж байгаад би сэтгэл хангалуун байдаг. Өдөрт хоёр, гурван кино ч нээлтээ хийхэд болохгүй юм байхгүй. Гэхдээ кино бол маш нарийн урлаг. Танхим дүүрэн үзэгчтэй л бол тэр сайн кино гэж ойлгож болохгүй.
- Таны бодлоор сүүлийн үед гарч байгаа кинонууд хүмүүсийн оюуны цангаа, эрэлт хэрэгцээг хангаж чадаж байна уу?
- Одоогийн байдлаар шалдир бульдар архидсан, алсан хядсан кинонд л үзэгчид хуйлраад байгаа болохоос кино урлаг гэдгийг яг нарийн ойлгохгүй байна. Тийм учраас миний хувьд үзэгчдийг байлдан дагуулж байгаа кинонуудыг би кинонцрууд л гэж хэлнэ. Зууны 90 хувь нь мөнгө олох гэсэн зорилготой. Яг нуулгүй үнэнийг хэлэхэд хошин урлагийнхан гудамжны хүүхдийг элэглэхэд түүнд нь хүмүүс баясаад нирхийтэл инээж байна. Хэд хоног хүмүүс бужигнуулж ганц хоёр халтуурны кино хийж тэрнээсээ хэдэн цаас олж байна. Одоо л  жинхэнэ урлагийн бүтээл хийх гэж байгаа юм болов уу гэж бодохоор бас үгүй байна. Нарийн ярих юм бол инээдмийн жанр гэдэг бол хамгийн хүнд төрөл учраас хэр баргийн найруулагч барьж авч чаддаггүй. Гэхдээ яг урлагт сэтгэлтэй уран бүтээлдээ амьдралаа зориулаад явж байгаа уран бүтэлчид бас бий.
- Гэхдээ л хошин урлаг руу хүмүүс их хошуурдаг. Энэ таны бодлоор юутай холбоотой вэ?
 - Одоогийн байдлаар энэ үнэн л дээ. Манай үзэгчдийн урлагийг хүлээж авах мэдрэмж өөр. Дэлхийн том том уран бүтээлчдэд үзэгчийн тоо хоёр байна уу, хорь байна уу гэдэг нь тийм ч хамаатай биш. Учир нь тэр бол жинхэнэ урлагийн бүтээл байдаг. Нуулгүй хэлэхэд сайхан сонгодог симфони, бүжгэн жүжгүүд үзэгчгүй л байгаа биз дээ. Тэгэхээр бид нар цаг үеэ мэдрэхийн зэрэгцээ хүн амын дийлэнх хувийг эзэлж байгаа залуучууддаа зориулж хөнгөн гэхдээ бас  юм ухааруулчих кино хийхэд зүгээр л дээ. Гэхдээ уран бүтээлчид нийгмээсээ түрүүлж сэтгэдэг түрүүлж хийдэг байх нь хууль юм.
- Сүүлийн үед гарч байгаа кинонуудаас та хамгийн сүүлд ямар кино үзэв?
- “Бодлын хулгайч”, “Долоон бурхан харвадаггүй”-г үзсэн. “Бодлын хулгайч” бол миний бодлоор Сэнгэдорж болон Төрмөнхөөс ийм бүтээл гарах ёстой, тэд үүрэгт ажлаа л хийж байна гэж хүлээж авсан. Харин шинэковууд гарч ирээд энэ дайны бүтээл хийж  байгаа бол “баярлалаа” гэлгүй яахав.
- Таны баримталдаг зарчим?
- Надад нэг бодол байдаг юм. Магтах бол хэзээ ч оройтохгүй гэж. Шавь нартаа ч хэлдэг. Гол нь бид хамгийн эхэнд алдвал яах вэ гэдгийг байнга бодох ёстой. Энэ бол миний амьдралдаа баримталдаг зарчим.
- Саяхан “Бурхан өршөө” киног гаргахыг нь хориглолоо. Энэ үйл явдал манай кино урлагт цензур тавигдаж эхэлж байна гэсэн хардлагыг төрүүлээд байна.  Та Монголын кино урлагийн академийн тэргүүн, найруулагч, уран бүтээлч хүний хувьд энэ үйл явдлыг хэрхэн хүлээж авсан бол?
- Баттулга над руу утасдаад гомдоллож байна лээ.“Тэр үед нь над руу чи хэлэхгүй яасан юм бэ? Хоёулаа хэвлэлийн бага хурал хийх байсан” гэлээ л дээ. Тэгэхээр тэр цензур манайд ямар үхсэн үлий нь байхав дээ. Яахав ардчилал энэ тэр гээд хоёр үг хэлсэн л биз. Тэгээд л хаачихгүй юу. Ер нь манай кино урлаг бол “Өргөө”, “Тэнгис” гэсэн хоёр кино театрын л гарт байна. Нарийн ярих юм бол тэр хувьчилж авсан улсууд лав л мөнгө тоолж аваагүй луйвраар л авсан шүү дээ. Хармаанаасаа гаргаад өгчих хэн байгаан.Төрийн өмчийн хороо, хотын захиргаа энэ дээр дуугарах ёстой. Арай гэж өр ширэнд орон байж нэг кино хийхээр 50 хувийг нь авна гэнэ. Бид нарын үед чинь 20 хувь, 25 хувийг  аваад болдог л байсан. Сая “Өргөө” кино театрынхан нээлттэй уулзалт зохион байгуулж байна, та ирж үг хэлээч гэхэд нь очсон. Уулзалтад би 50 хувь гэдгээ больё зогсооё гэж хэлсэн. Үүнийг бодитоор тооцож болно шүү дээ. Шууд 50 хувь авна гэдэг бол мөлжлөг. Ирэх  9,10 сард ажил жигдрээд ирэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр сенсааци дэгдээе гэж бодож байгаа. “Сансар” кино театр, “Од” кино театр бүгдийг нь луйвраар авсан.Өнөөдөр баар л байна шүү дээ. Тэгээд кино театр гэдэг чинь зүгээр нэг павильон биш. Шууд хэлэхэд луйвраар авсан хүмүүс хувьчилж авахдаа хувьчлалын хуульд зааснаар үндсэн үүргийг нь алдагдуулахгүйгээр хажуугаар нь өөр үйл ажиллагаа явуулж болно гэж заасан шүү дээ. Хуулиа мөрдмөөр байна. Манай энэ төр ч дээ надад бол амьтны чёрт.
- Та цаашид ямар кино хийхээр төлөвлөөд байна?
- “365* 4 =1460” гэдэг нэртэй кино хийнэ. Одоогийн энэ олигархиудыг будаа болгоё гэж бодож байгаа. Тэгэхээр миний хэлдэг 1460 хоногийн эхний хоёр жилд ард түмнийхээ төлөө гээд байгаа мөнгөө олж авна. Үлдсэн 2 жилдээ тэрийгээ нугална гэсээр байтал төрийн ажил юу болж байна. Тэгээд одоо телевиз радиогоор ярьж байгаа нь худлаа үнэн дэмий юм яриад явж байх юм. Дөрвөн жил өөрсдөө дотор нь байсан л хүмүүс шүү дээ. Үнэнийг хэлэхэд боловсролгүй хүмүүс энэ улс төрд зөндөө байдаг. Гэхдээ энэ 76 дотор голчтой, ноён нуруутай, мэдлэгтэй хүмүүс бас байгаа. Манайд бол ерөнхийлөгчийн засаглалтай сайн засгийн газар л ажиллана. Чадахгүй байж зарим нь үхэн хатан зууралдаж байна ш дээ. Хэчнээн сайхан эх оронч сэтгэлгээтэй хүн энэ улс төрд орж ирээд уусч алга болж байна. Юу хийж байгаагаа мэдэхээ больж, энэ нь сүүлдээ галзуурал болж байна.
“Богд хаан” хаан киног хийх болсон шалтгаан юу байв?
- Богд гэхээр л тэмбүүтэй, ардын хувьсгалын дайсан, шашнаар мунхруулагч гэх мэтээр хараар буддаг. Энэ хүн чинь Монголын сүүлчийн эзэн хаан, шашны тэргүүн богд шүү дээ. Тэр хүнд чинь бас эерэг тал байж л байгаа. Олон жил би энэ талаар боддог байсан. Тэгээд “Богд хаан” киног хийхээр шийдсэн. Нэрт зураач О.Нямдаваатайгаа холбогдоод “миний киноны дагуу хэдэн сцени зураадхаач” гэснээр хамтарч ажилласан даа. Жил гаруй сууж байж сценүүдийг нь хийсэн. 35мм хальсаар хийе гэж зорьсон.
- Зураг авалтаа ямар газруудад хийсэн бэ?
- Булганы Хангал, Сэлэнгэ, Гачуурт, Өмнөговийн Сэврэй, Хонгорын элс гэх мэт газруудад зургаа авсан.
- Киногоороо дамжуулан та юуг харуулахыг зорьсон бэ?
- Кино маань Богд хаан анх 1875 залагдаж орж ирээд 1911 оны 12-р сарын 19-нд шашин төрийг хослон барьсан анхны хаан болж байгаа хүртэл гардаг.  Энд би түүхийн үнэнийг харуулж, хойч үеэ худлаа түүхээр хүмүүжүүлэхээ болъё гэж бодсон. Монголын кино урлагийн сор болсон сайхан бүтээлүүд бий л дээ. Нэг намын дарангуйлал, заавал богдыг хараар будах ёстой гэсэн үзлээс шалтгаалж хийгдсэн кинонууд. Гэхдээ тэдгээр кинонуудыг хийж байсан уран бүтээлчид нь дотроо тэгж бодоогүй л байгаа. Тэгэхээр энэ бол урлагт нэг намын дарангуйлал байсны хар гай л даа. Харин дараагийн ангид 1911-1924 он хүртэл Монголын түүхийн хамгийн нууцлаг ээдрээтэй үеийг харуулсан. Энэ кинонд Дамбийжаа, Шью Шью Жан, Дилав хутагт, Бодоо, Данзан, Сүхбаатар, Монголын дөрвөн хан гээд бүгдийг багтаахыг бодно. Намнансүрэн, Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж бүгд Оросын гараар орж амиа алдсан шүү дээ. Одоогийн байдлаар мэдэгдэж байгаа нь гэрээслэл бичиж байгаад  хорлогдсон Намнансүрэн. Энэ киногоо мөнгө цаас нь олдвол хийчих юмсан гэж бодож байна. Та хоёрдугаар ангийг нь хийгээч гээд над дээр танихгүй хүмүүс ирж, урам зориг их өгч байгаа. Яамнаас тавдугаар сар хүртэл түүхэн киноны зохиолын уралдаан зарласан. Уралдааны онцлог нь Монголын кино урлагт өмнө нь хөндөгдөж байгаагүй сэдэвтэй кинонууд оролцоно. Үүнд “Дөрвөн хан” гэж киноныхоо зохиолыг явуулсан байгаа.
- Киноны багаа хэрхэн бүрдүүлсэн бэ?
- Би Монголдоо хийсэн юмтай, хэлэх үгтэй, чадалтай, сайн уран бүтээлчдийн баг бүрдүүлсэн гэж нүүр бардам хэлж чадна. Лхагвадорж байна, 27-28 хальсны кино хийсэн. Зураач Нямдаваа, хөгжмийн зохиолч Жанцанноров гээд бүгд л олны хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс. Манай кинон дээр тэр үеийн анхны төрийн дууллыг бүтнээр явууллаа шүү дээ.
- Хөрөнгө мөнгийг нь хаанаас гаргасан бэ? Ивээн тэтгэгч бий юу?
- “Богд хаан” киног цэвэр өөрийн зардлаар хийсэн. Хүүгийнхээ хамаг байр, унаа тэрэг бүгдийг нь зараад 2011оны 8-р сарын 5-нд Булганы Хангал суманд натурт гарч байлаа. Уг нь 2009 оны 12 сард БСШУЯ-ы сайд Ё.Отгонбаяр хөрөнгө мөнгөөр туслаач гэсэн мэдэгдэл хүргүүлсэн. Нэр бүхий УИХ-ын гишүүнээр УИХ-ын нэгдсэн чуулган дээр энэ асуудлаа тавих юм бол сайдын хувьд энэ асуудал дээр дэмжье гэсэн. Би академийн нэр дээр УИХ-ын 76 гишүүдэд албан бичиг явуулсан боловч хэн нь ч туслаагүй. 2010 оны 6-р сарын 21-нд Монголын кино урлагийн академи “Богд Жавзандамба хутагтын үзэл санаа” гэсэн эрдэм шинжилгээний бага хурлыг хийж, түүндээ монголын бүх том түүхчдийг оролцуулсан.  IX богд хүртэл өөрийн биеэр айлчилж ирсэн. Би УИХ-ын 76 гишүүн, сайд нар, төрийн тэргүүнийг  ирнэ гэж найдаж байсан ч хамгийн том нь Ерөнхийлөгчийн зөвлөх Болд ирсэн шүү дээ. Хурлын үеэр Б.Баабар илтгэл тавихдаа IX богд гэж байхгүй, бид энд X Богдын тухай ярих ёстой. IX Богд аль хэдийн Зүүнхараагаас тодорсон гэж хэлсэн байсан. Сүүлд нь камерын бичлэгийг шүүж байж түүний хэлсэн үгийг сонссон. Үүнээс болоод манай гандангийн лам нарын 60-80 хувь нь албаар Баабараар үг хэлүүлж IX Богдыг унтраалгасан гэж ойлгосон гэсэн. Миний хувьд уг нь VIII Богдынхоо тухай л эрдэм шинжилгээний хурал хийж, киноны ажлаа л хийе гэж бодсон юм. Ингээд төсөв хөрөнгөний асуудал хэцүүдэж, киногоо хаяхаар шийдээд байх үед эхнэр маань надад дахин киногоо хийх урам зоригийг өгсөн. Тэгээд л хийхээр шийдсэн. Төр засаг надад нэг ч төгрөг өгөөгүй. Харин сүүлд нь мөнгө төгрөг дутаад хүмүүсээс зээлэн байж 627 сая төгрөгөөр бүтсэн. Энэ кинонд гарч байгаа хадааснаас өгсүүлээд бүх зардлыг өөрөө гаргасан. Хамгийн гол нь би эх орноо бодсон юм. Хойч үеэ худлаа түүхээр битгий хүмүүжээсэй гэж хүссэнийх.
“Богд хаан” кино Монгол улсаа төлөөлөн анх удаа Каннын кино наадамд оролцсон. Ямар нэг уралдаанд оролцохдоо хүн зорилго тавьдаг шүү дээ. Таны зорилго юу байсан бэ?
- Каннын кино наадам 5-р сарын 16-27-ны хооронд болж өнгөрлөө. Бид энэ наадамд уралдах гэж очоогүй. Уралдъя гэхээр техник технологийн хувьд яагаа ч үгүй байна. Энэ наадамд 35мм хальсаар хийсэн кинонууд албан ёсоор оролцдог. Бид видео киногоор оролцсон. Гэхдээ Монголдоо ганцхан байдаг аппаратаар авсан. Киногоо гаргахын өмнө найруулагч, уран бүтээлчид нь гарч нээлтийн үг хэлж киногоо танилцуулдаг юм билээ. Миний хувьд киногоо ярихаасаа илүү Монголын кино урлагийн талаар ярьсан. Мөн дэлхийд анх удаа цусгүй хувьсгалыг хийж чадсан ард түмэн бол Монгол. Та бүгдийн үзэх гэж байгаа кино бол 1921 оны цусгүй хувьсгал хийж  тусгаар тогтнолоо олж авч Манжаас тусгаарлаж чадсан манай сүүлийн эзэн хааны тухай кино гэсэн танилцуулгыг хийсэн.
- Каннын кино наадамд оролцож байхдаа та бусад орны кинонуудыг үзсэн байх. Манайх дэлхийн кино урлагийн түвшинд ер нь хаагуур байх шиг байна?
- Тэнд нийт 11 орны кино үзсэн. Тэдний хийж байгаа кинонууд биднийхээс ялгараад байх юм алга. Найруулга, жүжигчдийн ур чадвар, операторын зураг авалтаараа манайх хэний ч дор орохгүй ана мана байна. Ганцхан бид нарт техник л дутагдаж байна.
- Каннын кино наадамд оролцоход тавигдах гол шаардлага нь юу вэ?
- Намтар, татвар төлөгч мөн эсэхээ баталгаажуулж, киноны товч анатацийг явуулах хэрэгтэй. Энэ наадмын үүд хаалга хэний ч өмнө нээлттэй байдаг. Гагцхүү манай кино урлагийн академиар дамжин оролцох эрх авна. Учир нь манайх дэлхийд данстай байгууллага болсон.
- “Богд хаан” киног гадаадын улс орнууд ихээхэн сонирхож худалдаж авах санал тавьсан гэсэн
- Бидэнд тав зургаан орон худалдаж авья гэсэн санал ирүүлсэн. Тэдэн дунд Америк, Солонгос, Энэтхэг зэрэг орнууд байгаа. Хамгийн гол нь бид тэнд Монгол гэдэг нэрийг дуурсгаж, монгол кино гэж ямар юм байдгийг гэдгийг  үзүүлж чадсан
Эх сурвалж: zindaa.mn

No comments:

Post a Comment