2013-04-25

Эрэлхэг дайчин хатны дуудлага /“Ану хатан” кинонд зориулсан шүүмж/


Өнгөрсөн үеэс өнөөг хүртэл нэгдсэн ойлголт дүгнэлтэнд хүрч бүрэн шийдвэрлэж чадаагүй түүхийн асуудлын нэг бол 17-р зууны Халх, Ойрдын харилцаа болон Галдан бошигт хааны Халхыг эзлэн Манжтай хийсэн тэмцэл юм.

Аливаа түүхэн хүний амьдралд улс үндэстний хувь заяаг зайлшгүй шийдэх чухал зангилгаа цаг мөчүүд байнга тохиодог билээ. Тийм нэгэн учрал тохиолол Ойрдын Галдан бошигт хаанд оногджээ. Галдан бошигт хааны хийсэн эх орон, газар нутаг, тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө тууштай тэмцэлд  түүний дэргэд үнэнч гэргий Ану хатан байв. Тэр бол ухаалаг, эрэлхэг зоригтой, дайчин чанараараа ялгарч чадсан Галдан хааны жинхэнэ туслагч нь байсан билээ.

Далд хаалттай байсан олон зүйлүүд ил тод болж, түүхийн бодит үнэнийг тогтоон гаргаж эхэлсэн эх сурвалжуудын  нэг нь “Ану хатны домог” юм.  Манай Монголчууд ард нийтээрээ Ану гэдэг нэрийг сонссоноос хэтрэхгүй байсан. Бямбын Ренчин гуайн “Ану хатан” өгүүллэгийг эс тооцвол урьд өмнө нь түүний талаар бодитой бичиж үлдээсэн  түүхийн  хуудас бараг байхгүй. Түүхчид одоо болтол Ануг тодорхойлж бүрэн судалгаа хийгээгүй л байна. Манжтай хийсэн хамгийн сүүлчийн хүч тэнцвэргүй тулаанд эрэмгий зоригт Ану хатан, 12 салаа бугын эвэртэй малгайгаа өмсөөд дайчин эх оронч баатрын үхлээр эцсийн амьсгалаа тасартал тулалдсан тухай амьд гэрч болон үлдсэн цөөхөн дайчин эрсийн хойч үедээ уламжлан хүргэсэн үнэн түүх амнаас ам дамжсаар домог болон иржээ. Ховдын хязгаар нутгаар Б.Ринчин гуай өөрөө биечлэн шинжилгээ судалгаа хийн, нутгийн ард олноос Анугийн тухай домгийг аман түүхээр цуглуулж тэмдэглэсэн юм. Бямбын Ринчин гуайн “Ану хатан” өгүүллэгт Заан Тэрэлжийн Зуун модны дэргэд болсон Манжийн их цэрэгтэй хийсэн Галдан бошигт хааны шийдэрлэх тулалдааныг киноны дурангаар авсан юм шиг зураглан дүрсэлсэн нь гайхамшигтай. Хожим нь Анугийн хувь хүн талаас нь роман бичихээр бодож төлөвлөж байсан боловч амжилгүй энэ ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн нь нэн харамсалтай!

Халх–Ойрдын түүхийн талаар одоо болтол маргаантай байдаг түүхчдийн үзэл бодлоороо эх оронч нэгдсэн дүгнэлтэнд хараахан хүрч чадаагүй сэдвийг хөндөж Б.Шүүдэрцэцэг “Домогт Ану хатан” роман бичсэн нь монгол түмнийг эх орныхоо түүхээ үнэн зөвөөр дахин харах сонирхол хүслийг бадрааж өгөхөд ихээхэн нөлөөлсөн.

Энэ романаас сэдэвлэж “Ану хатан” кино бүтээжээ.  Киноны пиар сурталчилгаанд монголчууд өдөөгдөж Ану хатан хэн байв? гэж өөр өөрсдийнхөөрөө тунгаан эргэцүүлэн бодсон. Эрэлхэг зоригт Ану хатны дүрийг өмрөх зүрх сэтгэлдээ буулгасан үзэгч энэ киноноос харилцан мэдрэхийг нэхэж байсан нь лавтай. Халх–Ойрдын шийдвэрлэж чадахгүй байгаа түүхийн цагаан толбо, Манжид Монголчууд яагаад эзлэгдсэн гэдэгт хариулт өгөх биш, элгэн нутаг, газар шороогоо алдахгүйн тулд тэмцэлд боссон Ану хатанг товойлгон харуулах гэж зорьсон нь киноноос харагдана.

... Кино эхлэхэд нумнаас харвасан сум газарт бууж эрч хүчтэй морин дээрээс Ану шүүрч аван давхина. Гайхалтай уран чадварлаг сцен... Энэ нь кино урлагийн хэлээр бол сцен аттракцион юм. Сүүлийн үеийн дэлхийн кинонуудын үзэгчдийг татах үзүүлбэрийн нэг билээ. Цаашаа Төвдийн Лхас газраас буцах замдаа Алшаа нутгаар Галдан бошигт дайрч өнгөрөхдөө Анутай уулзаж байна. Галдан ба Ану залуу хосын ирээдүйгээ мөрөөдсөн хайрын харцыг, алсад зорьсон урт аяны зам, байгалийн уран зургийн дүрслэлтэй уяраан хоршуулсан  маш сайхан эхлэлээр өрнөнө. Үйл явдал цаашлах тусам Ойрдын их хуралдайн тэргүүнээр дөнгөж саяхан таалал төгссөн Эрдэнэбаатар хунтайжийн том хүү Сэнгэ хан болно. Түүнд бага хатан нь болгохоор Анутай сүй тавина. Энэ үеэр нууц хуйвалдаан гарч Сэнгэ ханы амийг хорооно. Дараагийн планд Галдан хан түүний эх Юм-Агас хатан /С.Сарантуяа/ уг болсон явдлыг тэр дороо мэдчихсэн байна. Энэ хэсгээс киноны интриг \түгшүүрт хүлээлт\ алдагдан цаашид  нэгэн хэвийн зөрчил багатай үйл явдлууд дарааллан үргэлжилнэ.

Кино бүхэн өөр өөрийн хэлээр мэргэжлийн түвшинд кино найруулга, эвлүүлгийн драмтургийн гайхамшигт шийдэлтэй байж үзэгчтэй хүүрнэдэг. Хуримын хэсэгт тэдний халуун хайрын дотоод драмын холбоосыг орчин үеийн романтик европ хэв загвараар харуулсан нь тухайн зууныхаа орчин ахуйгаасаа салгасан байна. Галдангийн эсрэг Анугийн эцэг Очирт Цэцэн хан /Г.Мягмарнаран/ нарын хооронд зөрчлийг эвлэрүүлэх гэсэн Анугийн оролдлого нь эцэг, эр нөхрийнхөө дүрийн мөн чанарыг тодотгох кадрт жүжиглэлт нь хэтэрхий хүчилсэн  маягтай байсан ч ухаалаг хатны сэтгэлийг гаргаж чаджээ. Очирт Цэцэн хан Галдан бошигтын өмнө өвдөг сөхрөнө. Түүнд Галдан бошигт өршөөл үзүүлнэ. Энэ хэсэгт баатруудын харилцан сэтгэл зүйн утга санаа холбоог нам гүнээр илэрхийлэх нь Галдан бошигтын зан төлөвийг бидний тогтсон ойлголтоос өөрөөр, их л зөөлөн даруугаар харуулсан байна. Тобольск хотоос ирсэн Оросын хааны элчийг угтан авахдаа Ану хатны хэлсэн үг нь болхи, зохиолоос оноож оруулсан харилцан яриа нь холч ухаалаг байдлыг сулруулжээ. Манжийн хааны бодлого, цэргийн үйл явдал олон сцен дамнасан нуршуу өгүүлэмжтэй болсон. Байлдааны бэлтгэл сургуулилт, дайн тулааны хэсэгт эцэс төгсгөлгүй хөгжмийн уянгалаг симфонийг нилд нь нялснаас хийморьлог, цогтой харуулах дүрслэлийг монотоны болгосон байна. Хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэхийн бүтээлийг  тодорхой нэг драмтургийн шийдэлд зөв хэрэглэсэн бол маш тэнгэрлэг аястай эгшиглэх байлаа. Галдан, Ану нарын үр хүүхдүүдийн тухай олон жилийн дараахь үйл явдлын өөрчлөлтийг эпизодийн орон зай, цаг хугацааны ялгаагаар үзэгчдэд мэдрүүлж харуулсангүй. Түүхийн эгзэгтэй энэ цаг үеийг харуулсан киноноос үзэгч дүрүүдийн хэн нь хэн болохыг нээн олж харахыг ихэд хүсэн хүлээж байлаа. Гэвч “Ану хатан” кинонд дүрүүд эхнээсээ бие биеэсээ төдийлөн товойж гарсангүй. Харин зайлшгүй гол дүрүүдийг /Ануд-Д.Отгонжаргал, Галданд-М.Мягмар/ гадна төрхөөр эгэл сайхан эрийн монголжуу сонголтыг зөв олж харсан байна гэдгийг киноны уран бүтээлчдэд хэлэх нь зүйтэй. 

Мэргэжлийн театрын тайзны жүжигчдийн импровизаци тоглолтыг  кадр доторхи хөдөлгөөний зогсонги темптэй уядуулах тал дээр зураглаач, найруулагчтайгаа үг хэлээ сайтар ойлголцоогүй юм уу, жүжигчид нь чөлөөтэй биш, аль нэг газар суугаа байдалтай, эсвэл хөшүүн зогсоо байдалд байршиж харагдсан. Гэхдээ жүжигчний ур чадвараас илүүтэйгээр мезансцений найруулга киноны чанарт маш чухал нөлөөлдөг гэдгийг хэлье. Найруулагч , продюсер нар кино найруулгын тал дээр дулимаг ажилласан байна . Киноны дүрүүд нь хэр хэмжээнд сэтгэж байна гэдэгт  кино зохиол, зохиогчийн санаа  /Б.Шүүдэрцэцэг/ хэр түвшний сэтгэлгээнд бодож сэтгэж байна вэ гэдэгтэй шууд хамааралтай. 

“Ану хатан” киноны найруулгын зангилааг хаана, хэзээ, хэрхэн барьж явахыгаа ч кино найруулагч /Т.Алтантуяа/ сайтар тунгаан бодоогүй нь туршлага дутсных болов уу. Чингис хааны захиас “Өглөө сэрэх бүртээ өмнө талд чинь Зүрчидийн алтан улс бий шүү гэдгийг үргэлж санаж байгтун!” гэсэн монгол хүн бүрийн хувьд мартаж болохгүй сануулга үг байдаг. “Ану хатан“ кинонд үүнтэй утга агаар ижил Очирт Цэцэн Ханы  “Нэгэнт алдсан газар эгнэгт хүнийх болдог” хэмээн Ану охиндоо сургамжлан үлдээсэн үг дэлгэцнээс үзэгчдэд хэт сулхан сонсогдсноос хөтлөж явах  драмтургийн зангидсан үндсэн санаа,  үнэ цэнэ балархай болсон байна.

Киноны тэнцвэрт байдал дайн тулааны хэсэг рүү хэт хэлбийсэн тал ажиглагдаж байна. Гол баатруудынхаа зөрчлийн бодит шалтгааныг дутуу бодсон сул талыг дайн тулааны компьютер графикийн эффект ашигласан үзүүлбэрт тоглолт, дүрүүдийн гоёмсог хувцас, өмсгөлд үзэгчдийн анхаарлыг илүүтэйгээр төвлөрүүлэн  өөрийн эрхгүйгээр татаж чаджээ. Жүжигчдийн хувцас, эд хэрэгслэлийн тал дээр нилээн сайн анхаарч чамгүй их ажилласан явдал бол уг киног костюм драм сайтай болгож чадсан байна. Дэлхийн түүхэн кино жанрт “костюм драм”-ыг өргөн ашигладаг бөгөөд түүхэн цаг үеийн бодит орчинг бүрдүүлж үзэгчдийн бодол оюуныг өөр цаг хугацаагаар аялуулж байдаг учраас хөрөнгө мөнгө, нөр их хүч хөдөлмөр уран бүтээлчдээс шаарддаг. Энэ тал дээр зураглаачийн /Д.Ангараг/ сэтгэгдэл төрүүлэм фото дүрслэл, хувцасны  зураачийн  /Н.Болд-Эрдэнэ /  ажлын гүйцэтгэлд хэт найдсан нь илэрхий байна.  Кадрын уран сайхны зохиомжийг талст очир эрдсийн чимэглэлээр  дүүрэн бялхааж,  баатруудыг 17-р зууны гангарааны гоё хувцастай, өнгө өнгөөр гял цал нүд хужирлам гоёмсог чамин тансаг шигтгээтэй ээмэг, зүүлт, бөгж зүүснээр онцгой бахдалтайгаар зураглан үзүүлсэн нь хааны дээд зэрэглэлийн гэрэл зургийн урланд  /фото салон/ очоод үзчихсэн сэтгэгдэлийг төрүүлэх агаад кино найруулгын сул талыг тодорхой хэмжээнд аврах  шиг болжээ.
                       
Энэ  кино Ануг дүрслэхдээ хувь хүн талаас нь бүрэн гол шугамаа болгоогүй атлаа  “Ану хатан“  нэрийг кинондоо өгсөн нь оновчгүй юм. Түүхэнд болсон үйл явдлыг харуулахыг зорихдоо  Манжийн төрийн Энх-Амгалан хааны бодлого, дайн, цэргийн олонлог /массовка/, Зуун модны байлдаан хүртлэх олон үйл явдал Ану хатнаас холбоо тасраад төөрчих шиг болсон! Хэрэв киноны нэрийг үзүүлж байгаа үйл явдал,  кинонд өрнөж байгаа дийлэнх агуулгатай уялдуулж, дөвийлгөн дүрслэсэн зохиомжийн утгаар нь “Зуун модны тулаан” мэтээр нэр оноосон бол хавьгүй өөр өнцгөөс шүүгдэж болох бүтээл байлаа.

Дэлхийн нөлөө бүхий тэргүүлэх улс гүрнүүд киногоо хэрхэн утга төгс сэтгэн урлаж чадсан амжилтаараа өөрсдийнхөө оюуны чадавхийг  ямар түвшинд хүрч байгаагаа харуулж байдаг. Бид кино хэлийг агуу өндөр сэтгэмжтэй монтажийн олон аргуудаар зөв хослуулж  ашиглаж чадахгүй байгаа учраас үзэгчдээ залхаах хандлагад оруулж байна. Кино бүтээгч найруулагч, продюсерийн мэргэшилээ ямагт дээшлүүлж оюуны сэтгэлгээнийхээ хоцрогдлыг арилгахгүй бол монголын кино үзэгчдэдээ гологдсон хэвээр хоцорно...

Зохиолч, продюсер Шүүдэрцэцэгийн  “Домогт Ану хатан“ роман худалдааны борлуулалтаараа бест селлэрийн амжилтанд хүрсэн!  “Ану хатан“ кино ч орлогоороо дээд амжилтыг тогтоов. Ер нь урлагийн  бүтээлийг хэдий мөнгө зарцуулсан гэдгээр нь шүүх үү? Эсвэл хэр гүн гүнзгий ур ухаан шингээсэн бэ гэдгээр шүүх үү? Өнөөдөр тасалбарын орлогоор нь кино урлагийн амжилтыг хэмжиж байна. Оюуны бүтээлийн мөн чанарыг бүрэн агуулж чадсан эсэх тал дээр “Ану Хатан” киноны тухай хүмүүсийн өгөх маргаан шүүмж, сэтгэгдэл одоо болтол тасрахгүй байна...

Монголын Кино Судлаачдын Гильдийн 
удирдах зөвлөлийн гишүүн, Кино судлаач Т.Баярцэнгэл 

No comments:

Post a Comment