2012-06-19

Айлын том хүү “Анхны алхам”-ын Болд


Ардын жүжигчин Г.Жигжидсүрэнгийн найруулсан “Анхны алхам” кинонд хадланч залуу Болд гэж гардаг. Тэр дүрийг бүтээгч нь Чойн Хүрэл агсан билээ. Авьяаслаг тэрбээр бидний дунд нэгэнт үгүй болсон нь юутай харамсал. Эхлээд “Анхны алхам”-ын Болдыг хэрхэн бүтээсэн тухай ажиглаж мэдсэнээ өгүүлсүгэй. Бараг яриа хөөрөө байхгүй, үйл хөдлөл, харц тэргүүтнээрээ л бүтээсэн дүр.

Энэ бол тийм ч амар ажил биш нь мэдээж. Болд энд ганц хоёрхон л өгүүлбэр хэлдэг. Хөрөөдсөн мод унаж байхад Мядаг гараад ирж байна. Тэр мод юу юугүй Мядагийн дээрээс унан алдах мөчид Болд “Хүүе ээ, хойшоо болооч” гэж сандран хашгирч байна. Өөрөөр ер нь кино дуустал бараг үг хэлэлцээгүй шиг санагдана. Тэгээд энэ дүрийг хэрхэн босгов оо. Практик хийхээр ирсэн оюутан Мядагт сэтгэл алдарч буй нь яруу яруухан тодоор байна. Өвс хадаж, нуруулдаж байгаа тэр зургуудад дуу цөөтэй ч ажилд махруу, бодлогошронгуй сайхан залуу Болд хадланчдын дунд ялгарч харагдана.

Нэг сонирхолтой зураг нь: Болд модны үндсийг зорж янзлан хун шувууны гоёмсог дүрсийг гаргаж суухдаа боддог бодол юм. Шувуугаа зорж суутал Мядаг араас нь сэмхэн ирээд нүдийг нь алгаараа дарж, улмаар тэр хоёр биесээ хайрлаж буй нь Болдын хайр сэтгэлийн илэрхийлэл юм. Цаашлаад Мядагийг хайрлах сэтгэл нь улам тодорч байна. Цагаан уул цэцгийг энгэртээ нандигнан хатгаж, Мядагийг моринд чирэгдэн сүйд болж байхад дан мориор гүйцэн очиж, аюулаас аварч буй хэсэг бол хоёр залуугийн ойртон дотносохын эхлэл юм. Мядагийг үдэн гаргаж байхдаа морь бариад монгол дээлтэй зогсч байгаа, майхандаа орж нөгөөх шувууныхаа зормолыг гаргаж ирэн цаасанд боож өвөртөлж байгаа, хамгийн сүүлд цагаан уул цэцгээ бариад зогсч буй зэрэг нь Болдын сэтгэлийг илэрхийлж байна. Эл бүгдийг жүжигчин Хүрэл зөвхөн харц, хөдөлгөөн хоёроороо л гайхалтай сайхан гаргасан нь манай кино урлагт дэндүү тод үлдсэн юм. Дасч ижилдсэн өвгөдөөсөө, Болдоосоо салан явж буй Мядагийн дотоод сэтгэл мөн Болдын сэтгэлийг нисч яваа хос хун, байгалийн яруу тансаг үзэмж улам ч тодруулан гаргахын ялдамд “Хунгийн дуу”-ны уянгалаг аялгуу дуурсаж байна.

                         Хорвоо ертөнц уудам гэдгийг
                         Хунгийн дэгдээхэй мэдсэнгүй
                         Хонгор чамтайгаа учирна гэж
                         Хорьхон насандаа бодсонгүй

Тийм ээ, ажил амьдралын анхны алхмаа хийж буй хоёр залуугийн хайрын тухай энэ дуугаар тэдний хэлэлцээгүй үг, долгилсон их хайрыг давхар тодосгон гаргасан нь найруулагчийн уран чадвар юм. 1970-аад оны шилдэг кино “Анхны алхам”-ыг бүтээхэд Ч.Хүрэл ийнхүү гялалзсан авьяастайгаа үзүүлж чадсан билээ. Энэхүү Ч.Хүрэл гэгч хэн бэ? Дээр өгүүлсэн Болд , “Гэрлэж амжаагүй явна” киноны инженер Гансүх бол түүний хамгийн хайртай дүр нь байсан гэх. Энэ гэгээн орчлонд хэдхэн жил саатаад тэнгэрийн орноо явчихсан Ч.Хүрэл бол Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул бөлгөө. Айлын том хүү, аав ээжийн хайртай бурхан байжээ. Нэхий өлгийд чанга дуугаар чарлаж, хорвоод ирснээ зарлаж байх ахуйд ээж аав нь олон гоё үнэг хайчилж, шүр хүртэл хадаж байсан гэдэг. Анхны хүү болоод ч тэр үү, хүүгээ хайрлахдаа залуу хос өлгийн бүс, гэр дүүрэн үнэгээр хүүгээ өхөөрдсөн гэх.

Хэдий эрх ч гэсэн, Ч.Хүрэл тун даруухан ухаалаг хүү болон өсчээ. “Анхны алхам”-д тоглодог шигээ дуу цөөтэй, томоотой хүүхэд байжээ. Багаасаа урлагт дуртай, гэртээ концерт тоглож ээж ааваа баярлуулна. Хөгжимдөнө, дуулна, шүлэг уншина. Аравдугаар ангиа төгсөөд УБДС-ийн кино-драмын ангид орсноор Ч.Хүрэлийн урлагийн зам эхэлжээ. Арван хүүхэдтэй айлын том нь Ч.Хүрэл юм. Хоёрдугаар курст байхдаа тэрбээр “Анхны алхам”-д тоглосон байна. Болд, Хүрэл хоёр хоорондоо тун төстэй. Дүр, жүжигчин хоёр ийнхүү тохирсон нь гайхмаар. Айлын том хүүгийн хувьд ээж аавдаа их тусална. Дүү нартаа цөөхөн үгээр сургамж хэлнэ. Тэд нь ч ахыгаа маш их хайрладаг байж. Ээж аав нь хүүдээ алган боов огт хүртээгээгүй гэдэг. Үгнээс зөрдөггүй, томоотой ажилсаг Ч.Хүрэлээс боов хүртэх шалтаг гараагүй гэсэн үг.

Дээр дурдсан хэдэн кино мөн “Газар шороо”, “Алтан шонхор”, “Одод орчих хязгаар”, “Эх бүрдийн домог” зэрэг манай шилдэг олон кинонд тоглосноос гадна Шиллерийн “Дээрэмчид”, Шекспирийн “Ромео Жулетта”, Михайлковын “Арван хоёр сар” зэрэг алдарт жүжгүүдэд дүрээ үлдээсэн Хүрэлийн аав Чой, ээж Норжин нарын ярилцлага зургаан жилийн өмнө “Өнөөдрийн Монгол” сонины “Шинэ өглөө”-д гарсан байхыг олж уншлаа. Өрөвдмөөр, уярмаар энэхүү ярилцлагаас товчлон оруулбал 50 дөнгөж гараад хүний ертөнцөөс буцсан Хүрэлийн тухай улам ч тодорхой болох бус уу. Сэтгүүлч С.Үл-Олдохын ярилцлагад ийн өгүүлжээ. “...Учраа ч олохгүй уйлж суутал өвгөн минь ирж хүүгээ өнгөрснийг мэдсэн. Тэр үеэр монгол киноны 70 жилийн ой болж байсан. Ангийнх нь хүүхдүүд, найз нөхөд нь зурагтаар харагдаад л, мөн хүүгийн тухай “Амьддаа бие биеэ хайрла” нэвтрүүлэг өнгөрсөн орой нь гарч сэтгэлд хүнд тусч билээ. Одоо хүртэл хүүгээ ороод ирэх юм шиг санаж, хаалга дуугарахаар л горьдох юм. Маш эрх. Дүү нараасаа ч илүү, заримдаа бүр уруулаа унжуулж эрхэлдэг байлаа. Тавь гарсан хэдий ч үргэлж таван настай юм шиг бодож явжээ”. Ээж Норжингийнх нь чин сэтгэлийн үг ийм байна. Том болсон хүүгээ өлгийтэй нялх шиг нь санаж, томрон мэлмэрэх булгийн захад цангаж суудаг даа ижий минь гэсэн шүлгийг үүнийг бичигч би бээр 20-иод жилийн өмнө тэрлэснээ энэ ялдамд санадаг байна шүү. Эхийн сэтгэл гэдэг ийм ажгуу. 

Монгол кинонд хэдэн сайхан дүр үлдээгээд үүрдийн орчлонгоос зуурдаар буцчихсан Ч.Хүрэл гэгч сайн жүжигчний тухай бичиж суухад Ардын уран зохиолч С.Дашдооров агсны “Говийн өндөр” хэмээх аж байдлын алдарт романы Должин ээжийн нэг бодол санаанд бас ороод ирэв. Хот руу яваад сураггүй болчихсон хүү Дамдингаа элгээ бэтгэртэл хүлээсэн Должин гуай “Салхинд үүд сэвхийхэд хүү минь ороод ирж байна уу гэж өөрийн эрхгүй л харчихсан байх юм даа” хэмээн боддог. Эхийн сэтгэл гэдэг хүлээж ханадаггүй хатан тэвчээр, хайрын их далай ажгуу. Хөөрхий ээж аав хоёр нь хүү Хүрэлийгээ хүрээд ирэх болов уу гэж хүлээсээр суудаг биз дээ гэснээр дэлгэцнээ гэгээн дүрээ үлдээсэн авьяаслаг жүжигчин Ч.Хүрэлийн тухай энэхүү дурсамж тэмдэглэлээ жаргаая.
Эх сурвалж:  Zindaa.mn

No comments:

Post a Comment